Пауэрлифтингийн тэмцээнд хүндийн өргөлтийн М.Анхцэцэг түрүүлж, жүдоч Б.Ганхайч дэд байрт орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын пауэрлифтингийн анхдугаар тэмцээн Спортын төв ордонд арванхоёрдугаар сарын 1-2-ны өдрүүдэд болж байна. Тэмцээнд 15 байгууллагын 200 гаруй тамирчин өрсөлдөж байгаа юм. Эхний өдөр эмэгтэйчүүдийн +63 кг-ын жинд нийлбэр дүнгээр хүндийн өргөлтийн Дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Анхцэцэг тэргүүн байр эзэлж, жүдо бөхийн Ази тивийн аварга Б.Ганхайч мөнгө, хүндийн өргөлтийн Ази тивийн мөнгөн медальт Э.Энхтамир хүрэл медаль хүртэв. Гавьяат тамирчин М.Анхцэцэг пауэрлифтингийн спортоор хоёр дахь медалиа хүртэж буй бөгөөд 2012 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байжээ. Харин жүдоч Б.Ганхайч тус спортоор анхны тэмцээндээ оролцож, мөнгөн медаль хүртэж байна. Хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэг, жүдоч Б.Ганхайч нар “Рио-2016”, “Токио-2020” зуны олимпын наадамд хамтдаа эх орноо төлөөлөн оролцож байлаа.