О.Цогтгэрэл: Баялгийн сангийн тухай хууль иргэний биш улс төрч, авлигачдын хууль болсон байна
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2024.04.15/ хуралдаж, мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, "ХЭҮК-оос хүний эрх чөлөөний 23 дахь илтгэлээ УИХ-д өргөн барьсан. Энэ мэдээллийг бид сонслоо. Хоёрдугаарт, Засгийн газраас өргөн барьсан Үндэсний баялгийн сангийн тухай хууль дээр үзэл баримтлалын маш их зөрүү бий. Бидний хувьд Тусгаар тогтнол нэртэй баялгийн сангийн хуулийг өргөн барьсан.
Тус хуулийн хэлэлцүүлэг энэ долоо хоногт болох гэж байгаа учраас зарчмын ямар зөрүүтэй зүйлүүд энд байгааг ярилцлаа. Монгол Улсад сүүлийн жилүүдэд хүний эрхийн зөрчил, хүүхэд эмэгтэйчүүдийн нөхцөл байдал яаж доройтож байгааг та бүхэн харж байгаа. Энэ бүгдийг хамгаалах ёстой ХЭҮК гэж байгууллага байдаг. Энэ байгууллага үүргээ хэрхэн биелүүлж байна вэ гэдэг үнэхээр эргэлзээтэй. Өнөө жил өргөн барьж байгаа хүний эрхийн илтгэлээ долоон дэд бүлгээр дүгнэлт гаргаж байгаа юм байна. Гэтэл энэ долоон дүгнэлт нь өнгөрсөн жилийнхээс өөр, өмнөхүүдтэй нь харьцуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл өөрсдийнхөө ажиллаагүй манай улсад тулгамдаж байгаа асуудлуудыг энэ тайландаа оруулаагүй. Харин ажил хийсэн гэж харагдах ажилласан зүйлүүдээ л оруулсан байна. Жишээлбэл, үүн дотор монголчуудын улс төрийн эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх болон хүүхдийн эрхүүд зөрчигдөж байгааг багтаагаагүй. Тиймээс бид энэ асуудлууд дээр намын зүгээс байр сууриа илэрхийлээд ажиллана.
Үндэсний баялгийн сангийн тухай хууль бол иргэн хүнийг биш даргад, эрх мэдэлтэнд давуу эрх, ялгаатай байдал олгодог тэр тусгай сангуудыг нэгээр нэмэх тийм хуулийн төсөл байна. Мөн энэ хуулийн гоё нэртэй хуримтлалын санг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь удирдана гэж заасан байна. Ийм хуримтлалын сан байх уу. Тиймээс энэ халамжийн сан буюу сонгуулийн өмнө элдэв янзын юм тараахыг хуульчлах гэж байгаа, сонгуулийг худалдаж авахын тулд хууль эрх зүйн боломж гаргах гэж байгаа хэлбэр гэж үзэж байна.
Мөн энэ сан улс төрчдөөс, намчдаас хараат бус байх ёстой. Гэтэл гурван сайд удирдана. Тиймээс энэ баялгийн сан 100 хувь улс төрчдөөс хараат байхаар харагдаж байна. Үүний цаана авлигал, намчирхал байдаг. Үндэсний баялгийн сангийн тухай хууль биш бас нэг авлигалын шинэ сангийн тухай хууль өргөн баригджээ гэдэг байр сууриа нэгтгэж ярилцлаа" гэв.