Оросын засаглалд хагарал үүссэнийг Вагнерын бослого илчиллээ гэв

6-р сарын 26, 2023 - 10:02
1 жил өмнө
 0  28
Оросын засаглалд хагарал үүссэнийг Вагнерын бослого илчиллээ гэв

"ОХУ-д зэвсэгт бослого гаргахыг оролдсон нь Ерөнхийлөгч Владимир Путины засаглалд бодит хагарал нүүрлэснийг ил болголоо. Хэдий хугацаанд үргэлжлэхийг мэдэхгүй ч ойрын өдрүүд Путины хувьд шинэ шинэ сорилт тулгарсан туйлын амаргүй цаг хугацаа байх болно" хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен байр сууриа илэрхийлжээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны удирдлагуудтай хариуцлага тооцох "шударга ёсны жагсаал" зохион байгуулж буйгаа зарлан хөлсний цэргүүдээ удирдан Москваг зорьсон Евгений Пригожин бямба гаргийн орой цуваагаа эргүүлэн татсан. Үүний өмнө түүний үүсгэн байгуулсан "Вагнер" группийн хөлсний цэргүүд Ростов хотыг хяналтад авч Воронежоор дамжин Москвад 200 км ойртоод байв. Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн зуучлалаар сөргөлдөгч талууд зөвшилцөлд хүрсэн тул "Вагнер"-ын цэргүүд хуаран руугаа буцсан болохыг Беларусийн хэвлэлүүд мэдээлсэн. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков Пригожинд үүсгэсэн эрүүгийн хэргийг хүчингүй болгож, түүнийг Беларусь руу явах боломж олгосон хэмээн мэдэгдсэн юм. Мөн бослогод оролцсон хөлсний цэргүүдийн Украины дайнд байгуулсан гавьяаг харгалзан мөрдөж шалгахгүй, харин цуваанд оролцоогүй цэргийн хувьд Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулна гэв.

Хамгийн сүүлд Ростов хотоос гарч яваа нь бичигдэж үлдсэн Евгений Пригожин одоо хаана байгаа нь тодорхойгүй байна.  Түүний хэвлэлийн алба "Хэвийн харилцаа холбооны хэрэгсэлтэй болсон үед хэвлэл мэдээллийнхний асуултад хариулна" гэж мэдэгджээ.

Мөн "Вагнер" бүлэглэлийн тэргүүн болон Кремлийн хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд батлан хамгаалахын өндөр албан тушаалтнуудыг огцруулсан шинж тэмдэг одоогоор алга байна. Пригожин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Жанжин штабын дарга Валерий Герасимов нарыг огцруулахыг шаардаж байсан юм.

Share:
28

like

dislike

love

funny

angry

sad

wow