Онгоцны ослын шалтгаан гараагүй ч Евгений Пригожин амиа алдсаныг генетикийн шинжилгээгээр баталлаа
Вагнер хувийн зэвсэгт хүчний компанийн тэргүүн Евгений Пригожин өнгөрсөн долоо хоногт осолдсон нисэх онгоцны нэг зорчигч байсныг Оросын Мөрдөн Байцаах Хороо баталжээ. “Тверь мужид гарсан онгоцны ослыг мөрдөн шалгах ажлын хүрээнд явуулсан молекул-генетикийн шинжилгээний үр дүн гарлаа. Зорчигчдын жагсаалтад нэр нь дурдагдсан 10 хүн бүгд мөн болохыг энэ үр дүн харуулж байна” гэж хорооны хэвлэлийн төлөөлөгч Светлана Петренко өчигдөр буюу Ням гарагт мэдээлсэн байна. Харин онгоц ямар шалтгаанаар осолдсон талаар тэр мэдээлэл өгөөгүй юм.
Москвагаас холгүй осолдсон Вагнер группийн өмчлөлтэй хувийн нисэх онгоцны зорчигчдын дотор 62 настай Евгений Пригожин байв. Гэхдээ түүний амь үрэгдсэнийг генетикийн шинжилгээгээр баталгаажуулахаар хүлээж байсан юм. Зургаадугаар сарын сүүлээр Кремлийн эсрэг зэвсэгт бослого гаргасан Пригожинд амьдрах хугацаа бага үлдсэн гэж зарим ажиглагчид үзэж байлаа.
Уг бослого нь ОХУ-ын ерөнхийлөгч Путиний засаглалын 23 жилийн хугацаанд тохиолдсон хамгийн хүнд сорилт болсон юм. Вагнерын зэвсэгт хүчин Бахмут зэрэг Украины хэд хэдэн сууриныг эзлэх тулаанд гол үүрэгтэй оролцсон нь Пригожиний нэр хүндийг Орос даяар өсгөсөн гэдэг.
Гэхдээ тэр сүүлийн саруудад ОХУ-ын батлан хамгаалах яамны удирдлагын чадваргүй байдлыг хүчтэй шүүмжлэх болсон юм. Энэ зөрчил нь эцэстээ Пригожинийг Кремлийн эрх баригчдын эсрэг зэвсэг барин босоход хүргэсэн хэмээдэг.