Олон зуун цагдаа гаргаж, үзлэг хийн, хөдөлгөөний зохицуулалт хийхээр болжээ

10-р сарын 27, 2023 - 10:51
1 жил өмнө
 0  94
Олон зуун цагдаа гаргаж, үзлэг хийн, хөдөлгөөний зохицуулалт хийхээр болжээ

10 дугаар сарын 31-ны “Halloween” буюу “Сүнсний баяр” баяр болоход хэдхэн хоног үлдлээ. “Halloween” баярын үеэр жил бүр олон хүүхэд залуус, гадаадын иргэд Шибүяа галт тэрэгний буудал орчим болон төв гудамжинд нь цугларч, гудамж зам дээр архидах, олны амгалан тайван байдлыг алдагдуулах, хог хаях зэрэг асуудал гардаг төдийгүй үймээн дэгдэж, хүний амь нас эрсэдсэн явдал ч гарч байсан билээ. Энэ жилийн хувьд коронавирусын халдварын эсрэг хязгаарлалт байхгүй болсноос хойш анх удаа энэхүү баяр тохиож байгаа тул урд жилүүдээс өргөн дэлгэр болж, илүү олон хүн цугларч, замбараагүй байдал үүсэх магадлалтай байна.

Иймд Шибуяа дүүргээс энэхүү асуудалд онцгой анхаарч, сонор сэрэмжээ нэмэгдүүлж байна. Дүүргийн засаг дарга Хасэбэ Кэн “Өнгөрсөн онд Өмнөд Солонгосын Сөүл хотод олон нийтийн замбараагүй байдлын улмаас олон хүний амь нас эрсэдсэн осол гарах вий” хэмээн санаа зовниж буйгаа илэрхийлж, “Halloween” баярын үеэр Шибүяад ирэхгүй байхыг уриалсан. Шибүяа дүүргийн зүгээс уг баярын үеэр дэг журмыг чангатгах журам гаргасан бөгөөд 10 дугаар сарын дунд үеэс галт тэрэгний буудлын эргэн тойронд "Шибүяагийн гудамжууд “Halloween” арга хэмжээний газар биш” гэсэн бичигтэй, япон, англи хэл дээр бичсэн зар тавиад байгаа бөгөөд 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 1-ний өдрийн оройг дуустал гудамжинд архи уухыг хориглосон журам тогтоохоор төлөвлөж байна.
Уг журмын дагуу 10-р сарын 27-ноос 11-р сарын 1-ний өдрүүдэд Шибүяа дүүргийн гудамж, цэцэрлэгт хүрээлэнд ойр дэлгүүр, олон нийтийн газруудад согтууруулах ундаа уухыг болон зарахыг хориглож, Шибүяа галт тэрэгний буудлын орчин тойронд олон зуун цагдаа гаргаж, үзлэг хийн, хөдөлгөөний зохицуулалт хийхээр болоод байна.

Иймд Япон Улсад оршин сууж байгаа болон түр зорчиж байгаа монгол иргэд суугаа орныхоо дүрэм журмыг сахиж, сонор сэрэмж, дэг журамтай байж, өөрсдийн аюулгүй байдлаа хангана уу.

Эх сурвалж: Япон улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам

Share:
94

like

dislike

love

funny

angry

sad

wow