Олон сар дуншсан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын шүүх хурал хаалттай болж байгаа нь олны анхаарлыг татаж байна
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, нийтийн албан тушаалтан хахууль авах, худал мэдүүлэх, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаасан гэх хэрэг олны анхаарлын төвд байсан.
Энэ хэргийг өнгөрөгч 2023 оны наймдугаар сард шүүхэд шилжүүлсэн. Гэм буруугийн шүүх хуралдааныг олон удаа товлосон ч хойшилсоор ирсэн. Б.Ганхуяг энэ хурлыг нээлттэй явуулж өгөөч хэмээн олон ч удаа хүсэлт гаргаж, Нүүрсний сонсголд орох хүсэлтээ ч удаа дараа гаргаж байв. Эцэст нь шүүх хурал эхэлж, хаалттай явуулахаар болсон нь олны анхаарлыг татаж буй юм. Шүүх хурлыг хаалттай явуулах саналыг шүүгдэгч О.Данзанлувсантүдэвийн өмгөөлөгч Л.Очбаяр гаргасан юм.
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хаалттай явуулахаар болсон учир шүүх хурал хоёр дахь өдрөө ч хаалттай болох нь.