Хорих ангиас оргож, нэрээ өөрчилсөн ялтанг 30 жилийн дараа олж, баривчилжээ
Цагдаагийн ерөнхий газар хорих ангиас оргож, нэрээ өөрчилсөн ялтанг 30 жилийн дараа олж баривчилжээ.
Тодруулбал, 1989 онд Өвөр-Хангай аймгийн Баруунбаян-Улаан сумын нутаг дэвсгэрт хүчиндэх гэмт хэрэг үйлдэн тус аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрвөн жил, таван сарын хорих ялаар шийтгэгдэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 423-р ангид хорих ял эдэлж байхдаа 1993 онд оргосон ялтан "Т" цагдаагийн байгууллагаас олж тогтоон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс баривчиллаа. Хорих ангиас оргосон Т нь 2003 онд Улсын бүртгэлийн газар хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгч өөрийн өвөөгийн нэрээр овоглож регистерийн дугаараа шинээр авсан нөхцөл байдал тогтоогдоод байна. Тухайн итгээд нь оргон зайлсан хугацаандаа дахин дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг 2005 онд Орхон аймгийн нутаг дэвсгэрт үйлдэж шүүхээс таван жилийн хорих ялаар шийтгэгдэж нэг жил, нэг сарын хорих ял эдлэн өвчний улмаас ялаас чөлөөлөгдсөн байжээ.
Гэмт хэрэг үйлдсэн ялтанг ял завшсан, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, улсын хилээр хуурамч бичиг баримтаар буюу хууль бусаар нэвтэрсэн зэрэг гэмт хэргүүдэд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэв.