Олимпын эрх олгох тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулалгүй, Удирдах зөвлөл нь баталж журам зөрчжээ
Парис-2024 зуны олимп гурван сарын дараа эхэлнэ. Манай улсын олимпоос медаль хүртдэг топ дөрвөн төрлийн спортын заримынх нь бэлтгэл тун хангалтгүй, дотооддоо зөрчил ихтэй байна. Тухайлбал, сарын гарын өмнө Итали улсад болсон олимпын эрх олгох боксын тэмцээнд Монголын боксын холбоо тамирчдынхаа мэдүүлгийг илгээгүйгээс болоод оролцож чадаагүй. Улмаар Монгол боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга хариуцлага хүлээж ажлаа өгсөн.
Үүнтэй адил Монголын чөлөөт бөхийн холбоо ч дотооддоо зөрчилтэй байгааг эх сурвалжууд хэлж байна. Парисын олимпын чөлөөт бөхийн төрөлд оролцох тамирчдад эрх олгох сүүлийн тэмцээн ирэх тавдугаар сарын 10-нд Турк улсад болно. Энэ тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн нэрсийг чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлөөс өчигдөр баталжээ. Уг нь тус холбоо олимпын эрх олгох тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах журамтай. Уг журмын дагуу сорил явуулаад ялсан тамирчныг олимпын эрхийн тэмцээнд оруулахаар заажээ. Гэвч энэ удаагийн олимпын эрхийн тэмцээнийг уг журмаа зөрчин шууд Удирдах зөвлөл нь сонгон шалгаруулсан байна.
Турк улсад болох олимпын эрхийн тэмцээнд эрэгтэй дөрөв, эмэгтэй гурав нийт долоон жинд Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид оролцохоор болж байна.
Олимпын эрх олгох сүүлийн тэмцээнд оролцох чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчдыг танилцуулъя.
Эрэгтэй:
- 57 кг З.Занабазар (Улсын аваргын мөнгө)
- 65 кг Т.Тулга (Улсын аваргын мөнгө)
- 74 кг О.Сүлдхүү (Улсын аваргын алт)
- 97 кг Г.Ганхуяг (Улсын аваргын алт) Эмэгтэй
Эмэгтэй:
- 53 кг Б.Хулан (Улсын аваргын алт)
- 57 кг Б.Хонгорзул (Улсын аваргын мөнгө)
- 76 кг Э.Даваанасан (Улсын аваргын алт)