ОХУ-ын усан онгоц Хар тэнгист бөмбөгдөлтөд өртжээ
ОХУ-ын мэдэлд байдаг Крымын хойгийн өмнөд хэсгийн Феодосия хотын эргийн боомтод Оросын байлдааны усан онгоц Украины агаарын хүчний бөмбөгдөлтөд өртсөн байна. Энэ бөмбөгдөлтийн улмаас нэг хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан гэсэн мэдээллийг Крымын хойгийн удирдлага өглөө. Новочеркасск гэх тус усан онгоц эрэгт маш ойрхон зогсож байсан тул ойр хавийн 6 барилга мөн сүйдэж, оршин суугчдыг нь түр орогнох газарт нүүлгэн шилжүүлсэн байна. Оросын талын мэдээлж байгаагаар онгоцны дэлбэрэлтээс үүдэлтэй галыг унтрааж чадсан, боомтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж эхэллээ гэж мэдээлж байна. Новочеркасск онгоц нь 112 метрийн урттай, 10 танк, 225 орчим цэргийн албан хаагч тээвэрлэх хүчин чадалтай, цөмийн энергээр ажилладаг хөлөг байсан байна. Хөлгийн дэлбэрэлтийг Украины агаарын хүчнийнхэн камерт баримтжуулж, цахим орчинд нийтэлжээ.
Украины тал тус хөлгийг бүрэн устгалаа гэж мэдэгдсэн бол Оросын тал Новочеркасск онгоцонд гэмтэл учирлаа гэж мэдээлжээ. НАТО-гийн шинжээчдийн үзэж байгаагаар энэ усан онгоц Иран улсын үйлдвэрлэсэн хэд хэдэн Шахед дроныг ачсан байсан гэж таамаглаж байгаа юм. Эдгээр дроноо ОХУ Украин руу довтлохдоо ашиглах байсан гэж таамаглаж байна. Бөмбөгдөлтийн үеийн бичлэгээс үзэхэд хөлгийн нүсэр хэмжээний дэлбэрэлт их талбайг хамарч байгааг харж болно. Новочеркасск цөмийн эрчим хүчний түлшээр ажилладаг нь энэ их дэлбэрэлтийн шалтгаан байж болно, эсвэл хөлөгт ачсан байсан зарим зэвсгээс үүдэж дэлбэрэлт том хэмжээтэй байсан байж болно гэж Украины тал мэдээлж байна. Украин улс анх удаа Новочеркасскийг онилж бөмбөгдөж байгаа нь энэ биш юм байна. Өнгөрсөн оны гуравдугаар сард энэ онгоц Хар тэнгисийн Бердянск боомтод байхад нь Украины агаарын хүч мөн бөмбөгдөж, гэмтэл учруулж байжээ. Украины агаарын хүчний коммандлагч хошууч генерал Николай Олекчук Телеграм хуудсандаа Новочеркасск онгоц өнгөрсөн жил Хар тэнгист живсэн Москва хөлөгтэй адил хувь заяатай байлаа гэсэн утгатай нийтлэл оруулсан байна. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мөн улсынхаа агаарын хүчинд талархаж байгаагаа илэрхийлжээ.
Оросын Хар тэнгис дэх байлдааны усан онгоцууд энэ улсын дайны голлох зэвсгүүдийг тээвэрлэдэг гэдэг утгаараа Украин улс агаарын довтолгоогоо голлон Оросын усан флот руу чиглүүлдэг байна.
Дайн эхэлснээс хойш Украины агаарын хүч Хар тэнгист Оросын 15 онгоцыг сүйрүүлж, 12 онгоцонд гэмтэл учруулсан гэж өнгөрсөн сард Украины арми мэдээлжээ.