Марокко: Газар хөдлөлтөд 2000 гаруй хүн амь үрэгдлээ
Мароккогийн төв хэсэгт 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс 2000 гаруй хүн амиа алдаж, хэд хэдэн газарт ноцтой хохирол учрууллаа.
Газар хөдлөлт Баасан гаригийн орон нутгийн цагаар 23:11 цагт болоход оршин суугчид гудамжинд яаран гарчээ.
Хүчтэй чичирхийлэл тус улсын Касабланкагаас Марракеш хүртэлх хэд хэдэн хэсэгт мэдрэгдсэн бөгөөд олон барилга байгууламж нурсан эсвэл ноцтой эвдэрсэн байна.
Тус улсын хааны ордон гурван өдрийн үндэсний гашуудал зарлажээ. Мөн зэвсэгт хүчин аврах багуудыг ажиллуулж, гамшигт нэрвэгдсэн бүс нутгийг ундны цэвэр ус, хүнсний хангамж, майхан, хөнжил зэргээр хангах болно гэж мэдэгджээ.
Амь үрэгдэгсдийн олонх нь хүрэхэд бэрх уулархаг бүсэд байгаа гэж үзэж байна.
Газар хөдлөлтийн төв нь Марракешээс баруун өмнө зүгт 71 км-ийн зайд орших Өндөр Атлас ууланд байв.
Олон хүн нуранги дор байгаа гэж үзэж байгаа бөгөөд аврах ажиллагаа үргэлжилж байна.