ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Путин ялах нь тодорхой боллоо
ОХУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт өндөрлөх үед одоогийн ерөнхийлөгч Владимир Путин 88 орчим хувийн саналаар ялалт байгуулсан нь урьдчилсан дүнгээс тодорхой болжээ. Тухайлбал ФОМ (Формирования Общественного Мнения) судалгааны байгууллага түүнийг 87.8 хувийн санал авсан гэж тооцоолсноо мэдээлсэн байна.
Албан ёсны дүн урьдчилсан байдлаар гарахад энэ тоотой таарч байжээ. 71 настай Путин дахин зургаан жил буюу 2030 он хүртэл ОХУ-ын ерөнхийлөгчөөр ажиллахаар болж байна.Түүний энэ сонгуульд авсан санал нь Зөвлөлт Холбоот Улсыг задарснаас хойших Оросын түүхэнд гарсан хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа ажээ. Мөн тэрбээр Иосиф Сталинийг ардаа орхиж, Оросын сүүлийн 200 гаруй жилийн түүхэнд хамгийн удаан төр барьсан хүн болох боломжтой болж байна. Коммунист намаас нэр дэвшигч Николай Харитонов дөрөв орчим хувийн санал авч, Путиний дараа удаалжээ. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгууль Украины газар нутагт эзлэн түрэмгийлэх дайн гурав дахь жилдээ үргэлжилж буй цаг үетэй давхцаж байна.
Польш улс Оросын сонгуулийг “хууль бус” гэж үзэж байгаагаа өчигдөр мэдэгдсэн бол АНУ-ын ерөнхийлөгчийн Цагаан ордон бас уг сонгуулийг сөрөг хүчингүй “шударга бус, чөлөөт бус” болсныг мэдэгджээ. Юутай ч сонгуулийн үр дүн Путины эрх мэдлийг 2030 он хүртэл сунгах нь тодорхой боллоо.