ОХУ бензин шатахууны экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсоов
ОХУ-ын засгийн газар дотоодынхоо зах зээлийн үнэ ханшийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний экспортыг түр хугацаагаар зогсоож байгааг өчигдөр орой зарлалаа. Энэ тухай Reuters мэдээллээ.
Экспортын хориг шийдвэр гарсан өдрөөс (есдүгээр сарын 21) эхлэн үйлчлэх бөгөөд харин хэзээ дуусахыг мэдэгдээгүй байна.
Уг хоригоос чөлөөлөгдөх онцгой нөхцөлүүдийг засгийн газрын тогтоолд бас дурджээ. Тухайлбал Оросын тэргүүлдэг Евразийн Эдийн Засгийн Холбооны гишүүн болох Беларусь, Казахстан, Армени, Киргизстан улсуудад уг хориг үйлчлэхгүй юм байна. Мөн засгийн газар хоорондын гэрээний дагуу хүмүүнлэгийн тусламжид хамаарах бензин түлшний экспортыг хориглоогүй байна.
Оросын армийн хилийн чанадад явуулж байгаа ажиллагаануудад зориулсан шатахууны хангамжид экспортын хориг үйлчлэхгүй юм байна. Бензин, дизель түлшний хориг нь “саарал” (хууль бус) экспортыг хязгаарлах, дотоодын зах зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, улмаар үнэ ханшийг бууруулах зорилготойг ОХУ-ын эрчим хүчний яам мэдэгдэлдээ тайлбарласан байна. Уг хязгаарлалт түр хугацааных болохыг мөн онцолжээ.