Агаарын бохирдол жилд 400 мянган хүний аминд хүрч байна
Европыг эрүүл мэндийн салбарын хүнд хямрал нөмрөөд байна гэж “The Guardian”-д мэдээлжээ.
Тодруулбал, европчуудын 98 хувь агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан бүс нутгуудад амьдарч байна. Тэдний гуравны хоёр нь PM2.5 тоосонцрын агууламж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон хэмжээнээс хоёр дахин давсан агаараар амьсгалж байгаа.
Агаарын бохирдол жилд 400 мянган хүний үхлийн шалтгаан нь болж, олон сая хүн ажлын чадвараа алдаж, сая орчим амьгүй төрөлт бүртгэгдэж байна. Ингэхдээ нөхцөл байдал зүүн Европт илүү хүнд байна. Энэ бол эрүүл мэндийн салбарын ноцтой хямрал гэж мэргэжилтнүүд анхааруулав.
Агаарын бохирдол зүрх, судас, уушгины өвчлөл, чихрийн шижин, сэтгэл гутрал, сэтгэцийн болон танин мэдэхүйн хямрал, дутуу төрөлт гээд олон өвчний шалтгаан болж байна. Бохирдлын хэмжээ өндөр орчин амьдардаг ядуу хүмүүс илүү өртөж байна. Энэ нь “экологийн тэгш бус байдал” гэсэн үзэгдэл Европт бий болсныг гэрчилж байна гэж гэж “The Guardian” хэвлэлд онцолжээ.