О.Батнайрамдал: “Эрдэнэт”, Хөтөл, Дарханы үйлдвэрийн дуулиант луйврыг шүүнэ
УУХҮ-ийн дэд сайд асан, МАН-ын НБД О.Батнайрамдал хэвлэлийн бага хурал хийв.
Тэр хэлэхдээ: “Шүүхийн урьдчилсэн хэлэлцүүлэг болох гэж буйтай холбогдуулан энэхүү хэвлэлийн бага хурлыг хийж байна. 2019 оны гуравдугаар сараас өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 49-ийн хэргийн схемийг ярьж ирсэн. Үүний ард зөвхөн “Эрдэнэт” байгаагүй. Сүүлийн үед ил болсон олон хулгай шүүх засаглал дээр очиж гацдагийг бид харж буй. Хамгийн хүн ойлгоход хэцүү, олон оролцогчтой, комплекс луйврын схем бол “Эрдэнэт”-ийн 49 хувь болон Хөтөл, Дарханы үйлдвэрүүд.Энэ багц асуудлыг маргааш шүүх гэж буй тул олон нийт анхаарал тавих учиртай.
Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг ЗГ-аас төрд авсан. 2011 онд Ерөнхийлөгч асан Х.Баттулга ажлын хэсэг байгуулж, цоо шинэ компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Тус компанийн цаад эзэмшигч нь "Сахал" Д..Эрдэнэбилэг байсан. Хөгжлийн банкнаас улмаар 61 сая ам.долларын зээл авсан. 2015 онд УИХ, ЗГ-аас Цемент шохойн үйлдвэрийг хөрөнгө оруулагчдаа шууд өгөх тогтоол баталсан байдаг. Төр сонгон шалгаруулалт явуулж байж өмчөө хувьчлах ёстой. Гэвч хөрөнгө оруулагч компанид нь шууд хувьчлуулсан. Улмаар гуравхан сарын дотор энэ үйлдвэрийг хувьчилсан. Өөрөөр хэлбэл, 2011 онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсэн “Бэйзмэнт” компанид хувьчилсан. Мөнөөх 61 сая ам.долларын зээлийг огт төлөөгүй. Нийт хохирол 660 тэрбум төгрөг гэж тооцоолж байна.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр мөн 2011 онд хөрөнгө оруулалтын гэрээг “Кью Эс Си” компанитай байгуулсан байдаг. 41 сая ам.долларын хөрөнгө оруулсан гэж тус гэрээнд тусгасан байдаг. Хоёр жилийн дараа Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессын жагсаалтад оруулсан. Жагсаалтад ороод хэдхэн сарын дараа, концессын гэрээ байгуулж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 30 жилээр “Кью Эс Си” компанид эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Гангийн үйлдвэр барих зорилгоор дэд бүтцээ нэг жилийн дотор хийсэн. Барингуутаа “Барих шилжүүлэх ашиглах” нөхцөлөө “Барих, шилжүүлэх” болгож өөрчлөөд, төрөөс 240 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Өнөөдөр гангийн үйлдвэрээ бариагүй. Эргээд улсын төсвийн 240 тэрбумаар барьсан дэд бүтцийн санхүүжилтээ буцаагаад авсан хэрэг. Мөн 2016 онд болох сонгуулийн өмнө амжиж хийсэн процесс.
Гуравт манай улсын саалиын үнээ гэгдэх “Эрдэнэт” үйлдвэр. ДНБ-ий 6.3 хувийг “Эрдэнэт” үйлдвэр дангаараа бүрдүүлдэг. Нийт экспортын 9.4 хувийг мөн дангаар бүрдүүлдэг, 40 жил ажиллаж буй нүсэр том үйлдвэр. Энэ үйлдвэрийг удалгүй зогсоно, нөөц нь шавхагдана гэж нэр бүхий улстөрчид ярьж байлаа. Дахин 70 жилийн нөөцтэй байна. “Оюутолгой”-гоос дутахгүй гэсэн үг. ОХУ-ын талын эзэмшиж байсан 49 хувийг 2016 оны сонгуулийн өмнөх өдөр Монголын талд авсныг Ч.Сайханбилэг Ерөнхий сайд зарлаж байсан.
Дээрх гурван үйлдвэрийн асуудал яагаад хамтдаа шүүх дээр очиж байгаа вэ гэхээр 2011-2016 оны хооронд бүх үйл явц давхцсан. Хөтөлийн үйлдвэрийн шохой, Дарханы үйлдвэрийн төмөрлөг “Эрдэнэт” үйлдвэрт очиж үйл ажиллагааг нь хангадаг. Энэ утгаараа энэ үйлдвэрүүд 1980-ад оноос хойш стратегийн ач холбогдол талаасаа баригдсан. Хөтөл, Дарханы үйлдвэрээс эргэлдсэн мөнгийг төвлөрүүлээд “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан байгаа юм. Тэр төвлөрүүлсэн, босгосон мөнгөний 72.9 хувь нь төрийн мөнгө байж гэдгийг тогтоосон. Нийт 400 сая ам.доллароор 49 хувийг худалдаж авсан.Энэ мэт хулгай баригдсан ч хэн нэгэн хариуцлага хүлээхгүй байсаар байна. Энэ бүгдийг шүүх эцэслэх ёстой. Харин анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш явах гэж байна”. гэв.