НҮБ-ын цэцэрлэгт сүндэрлэсэн монголчуудын бэлэг "Ухамсар" нэрт хөшөө бий
АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулган үргэлжилж байна. Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож буй юм.
”Итгэлцлийг сэргээж, дэлхийн эв нэгдлийг дэвжээх нь: Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг бүх нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлт, ахиц дэвшлийн төлөө эрчимжүүлэх нь” сэдвийн дор болж байгаа чуулганд дэлхийн 100 гаруй орны төрийн тэргүүн оролцож байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 78-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үндсэн сэдвийн хүрээнд өчигдөр /2023.09.20/ үг хэлж, Монгол Улсын байр суурийг илэрхийллээ.
Монгол Улсын НҮБ-д 1961 онд гишүүнээр элсэж, олон улсын хамтын нийгэмлэгт нэгдсэн билээ. АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын Төв байрны тохилог ногоон цэцэрлэгт Монгол Улсаас НҮБ-д бэлэглэсэн нэгэн өвөрмөц хөшөө байдаг нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, Олон улсын “Норд арт” фестивалийн Гран при шагналт, уран барималч А.Очирболдын "Сonsciousness" буюу "Ухамсар" нэрт бүтээл юм.
Энэхүү бүтээлийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар 2017 онд Монгол Улсын бэлэг болгон байрлуулсан байна.