Нигерийн зэвсэгт этгээдүүдэд хулгайлагдсан 137 сурагч гэртээ эсэн мэнд иржээ
Нигери улсын баруун хойд нутагт байдаг Курига тосгоны сургуулиас энэ сарын 7-ны өдөр галт зэвсэгтэй этгээдүүд олон тооны сурагчийг хулгайлсан. Хүүхдүүдийг барьцаалсан этгээдүүд тэрбум найра буюу ойролцоогоор 600 000 ам.долларыг гурван долоо хоногийн дотор төлөхийг эрх баригчдаас шаардсан юм.
Барьцаалагчдын товлосон хугацаа болохоос өмнө Нигерийн арми, цагдаа, тусгай хүчнийхэн ажиллагаа явуулж 137 сурагчийг суллаж чадсан байна. Барьцаанаас суллагдсан хүүхдүүд өчигдөр гэр бүлийнхэнтэйгээ баяр хөөртэйгээр уулзлаа. Тэднийг Кадуна хотод авчран эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд оруулжээ.Сурагчдыг хулгайлсан тухай анх мэдээлэхдээ эх сурвалжууд 280 гаруй сурагчийг барьцаалсан гэж мэдээлж байсан. Харин армийн цэрэг, цагдаа хүчнийхэн тусгай ажиллагаагаар барьцаанд байсан бүх 137 хүүхдийг сулласан байна. Харамсалтай нь хүүхдүүдтэй хамт барьцаалагдсан сургуулийн ажилтан амиа алдаж зургаан хүүхэд бэртлийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Өмнө Нигерийн Борно мужид Боко Харам зэвсэгт бүлэг дунд сургуулиас 276 сурагч охиныг хулгайлсаны зарим нь өнөөдөр ч гэртээ эргэж ирээгүй байна.