Невадагийн их сургуульд гэмт этгээд халдаж, олон хүний аминд хүрчээ
АНУ-ын Лас-Вегас хотноо байх Невадагийн их сургуульд гэмт этгээд зэвсэгт халдлага үйлдэж, олон хүний аминд хүрчээ. Энэ талаарх мэдээллийг Лас-Вегасын Цагдаагийн газрын хэвлэлийн алба Х олон нийтийн сүлжээн дэх хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
CNN агентлагийн мэдээлснээр, бизнесийн сургууль байрладаг байранд гэмт этгээд гал нээжээ. Энэ хэргийн улмаас гурван хүн амиа алдсан гэх ч үүнээс ч олон хүн хохирсон байж болзошгүй гэж Америкийн хэвлэлүүд мэдээлж байна. Түүнчлэн халдлагын улмаас хичнээн хүн шархадсан талаарх мэдээлэл тодорхойгүй байгаа аж. Халдлага үйлдсэн этгээд ч мөн амиа алдсан байхыг цагдаагийнхан олжээ.
Лас-Вегасын цагдаагийн газар хэргийн талаар дуудлага мэдээлэл авсан даруйдаа Невадагийн их сургуулийн оюутнуудыг нэн даруй энэ дүүргээс гарахыг зөвлөсөн байна. Гэмт этгээд амиа алдахаасаа өмнө Оюутны холбооны байрны ойролцоо ч мөн гал нээжээ. Невадагийн их сургуульд 25 мянга орчим оюутан суралцдагаас 8000 орчим нь аспирантур, докторантурт суралцдаг юм байна.