Непал: Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар Эверестийн оргилд хөтөчгүй гарсан Монголын анхны уулчид болсныг албан ёсоор зарлалаа
Тавдугаар сарын 13-ны 11.57 цагт бичлэг хийж, Эверестэд оргилдсоноо баримтжуулсан бичлэг цацагдсан. Энэ талаар өдгөө уулын спортын мэдээ, мэдээллээр дагнадаг Explorer's Web болон бусад дэлхийн хэвлэлүүд бичиж байна.
Непалын Аялал жуулчлалын албаны Уулын аялал хариуцсан захирал Ракеш Гүрүний хувьд Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарыг 11.57 цагт Эверестийн оргилд гарч чадсан гэж албан ёсоор мэдээлсэн байна. 8К аврах багийн шерпа "Тэд оргилд хамтдаа хүрч, бие биеийнхээ зургийг даржээ. Хэдийгээр зурагт цаг агаар тогтуун харагдаж байгаа ч маш салхитай өдөр байсан. Тэдний эрч хүч барагдаж, хүчилтөрөгчөөр дутагдсан нь гарцаагүй" гэж ярьжээ.
8К экспедиц Монголын есөн хүнтэй багийн аяллыг удирдан зохион байгуулсны хоёр нь тэд юм. Зөвхөн кэмп болон бортоготой нэмэлт хүчилтөрөгчид мөнгө төлсөн, шерпагийн тусламж авахыг хүссэн ч татгалзсан гэж мэдээлсэн байгаа юм. Улмаар тавдугаар сарын 10-нд оргил өөд мацжээ. Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн наыг тавдугаар сарын 13-ны өглөө, 4-р кэмпээс өгсөж явааг зарим шерпа нар харснаа тэмдэглэж үлдээсэн. Түүнээс хойш сураг тасраад аж. Эрэн хайх ажиллагаа эхэлж, радио станцаар холбогдох гэсэн ч хариу өгөөгүй. Тэд 4-р кэмпэд станцаа орхисон нь тэр аж. Ямар учраас станцаа орхиж явсан нь одоогоор тодорхойгүй гэж Everest Chronicle сайтад мэдээлжээ.
Түүнчлэн "Ослын шалтгаан нөхцөл бол харилцаа холбоо тасарсных. Мөн цаг агаар муу байсан" гэж онцлон тэмдэглэсэн байх юм.