Н.Баатаржав: Амиа алдсан алба хаагчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье

"Дашваанжил" ХХК-аас үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан хэвлэлийн хурал зохион байгуулж байна.Тус компанийн бүтээгдэхүүнийг тээвэрлэж явсан машин осолдож, онцгой байдлын гурван алба хаагч амиа алдаж, олон хүн хохироод буй юм.
"Дашваанжил" ХХК-ийн ерөнхий захирал Н.Баатаржав "Ослын улмаас амиа алдсан алба хаагчдад гүн эмгэнэл илэрхийлье, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийг хурдан эдгээрэй, биеэ сайн эмчлүүлээрэй" гэв. Манай компанийн жолооч Д.Равдан нь 62 настай, архи, тамхи хэрэглэдэггүй, онц тээвэрчин, шилдэг ажилтан байгаа юм. Гэнэтийн осол гарсанд гүнээ харамсаж байна. Хүмүүст учирсан зовлонг ашиглаж PR хийх гэж санамсаргүй мэдээлэл битгий хийгээрэй гэж хүсье.
Хохирлыг барагдуулахын төлөө ажиллана. Жолоочийн асуудлыг компанийн зүгээс бүрэн хариуцна" гэв.
Осолдсон цистерн машиныг энэ оны нэгдүгээр сард шинээр авсан. Дөрөв дэх удаагийн тээвэрлэлтээ хийж байсан юм. Хот хоорондын тээвэр хийдэг. Замын-Үүд рүү 15.7 тонн хийн түлш хүргэхээр явж байсан. Жолооч мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй, хийн газ тээвэрлэх сургалтад хамрагдсан болохыг мэдээлэв.






