Навальныйн холбоотон Леонид Волковд халдсан халдлага үйлдэгчдийн сэдэл нь тодорхойгүй хэвээр байна
Оросын сөрөг хүчний удирдагч, талийгаач Алексей Навальныйн нэрт холбоотон Леонид Волков нь Литвийн Вильнюс хот дахь оршин суух газрынхаа гадна халдлагад өртжээ. Мягмар гарагийн шөнө болсон халдлагын үеэр "Волковыг машиндаа байхад нь алх, нулимс асгаруулагч хий ашиглан гэмтээсэн" гэж Навальныйн ажлын албаныхан мэдээлжээ.
Түүний гарыг хугалж, хөлийг нь алхаар цохисон бөгөөд халдлага үйлдэгчдийн сэдэл нь тодорхойгүй хэвээр байна. Навальныйн ажлын албаны ажилтан Иван Ждановын хэлснээр, халдлага үйлдэгч юу ч хэлээгүй түүн рүү дайрсан бөгөөд "Мэдээж энэ бол тодорхой улс төрийн халдлага, үүнд эргэлзэх зүйл алга" гэжээ. 43 настай Волков аюулгүй байдлын үүднээс эх орноосоо хол амьдарч байсан бөгөөд өнгөрсөн сард Навальныйг цаг бусаар нас барах хүртэл Навальныйн штабын даргаар ажиллаж, чухал үүрэг гүйцэтгэж байсан аж. Мөн тэрбээр Навальныйн "Авлигатай тэмцэх сан"-д оролцож байснаараа Орост "хэт даврагч" хэмээн цоллогдож байжээ.
Волков руу хийсэн энэхүү дайралт нь Орос оронд Навальныйн хамтран зүтгэгчид болон дэмжигчдийг илүү өргөн хүрээтэй хэлмэгдүүлж байгаа үед болж байна. Тодруулбал, Навальныйн багийн хэд хэдэн хүн, мөн түүний өмгөөлөгчдийн зарим нь одоо шоронд хоригдож байгаа юм.