Натурын гүүрний урд талын барилгын ажил дээр хоёр хэрэг маргаан үүсжээ
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Натурын гүүрний урд суурийн нүхээ ухсан байсан барилгын ажлыг энэ жилийн үерийн гамшгийн дараа түшиц хана нь нурах аюултай, авто зам руу цууралт үүссэн гэх шалтгаанаар зогсоогоод байсан юм.
Хот Байгуулалт, Хөгжлийн Газар(ХБХГ)-аас барилга барих үйл ажиллагаанд норм, стандартыг баримтлахгүй бол үер усны үед нуралт үүсэх эрсдэлтэй, мэргэжлийн байгууллагууд дүгнэлт гаргах ажиллагаа хийгдэж байна хэмээж байв.
Барилгын ажлыг зогсоох шийдвэр наймдугаар сард гарсан юм байна. Уг барилгын ажилтай холбоотой асуудал ямар үе шатан дээр явж байгаа талаар ХБХГ-аас тодруулахад тус газарт холбогдох дараах хоёр хэрэг шүүхийн шатанд болон нотлох баримт, тайлбар гаргах үе шатууд дээрээ байгаа гэдгийг мэдээлэв.
- Хот байгуулалт хөгжлийн газарт холбогдох Батсуурь ХХК-ийн нэхэмжлэлтэй Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
- Хот байгуулалт хөгжлийн газарт холбогдох иргэн П.Навчаагийн нэхэмжлэлтэй маргаан үүсээд байгаа бөгөөд одоогийн байдлаар нотлох баримт, тайлбар гаргах үе шатан дээрээ явж байна.
Энэ хугацаанд тус орчмын аюулгүй байдлыг барилгын эзэн иргэн, аж ахуйн нэгж хариуцна гэдгийг ХБХГ-аас мэдээллээ.
Сэлбэ голын үерийн эрсдэлтэй бүсэд 643 барилга байгууламж байгаа судалгаа гарсан. Эдгээрийг хэрхэх вэ гэдгийг судалж, хуулийн байгууллага тухайн газрыг ямар байдлаар эзэмшсэн бэ гэдгийг шалгана гэдгийг Нийслэлээс өмнө нь хэлж байсан юм.