Н.Алтанхуяг: Cайд Ч.Хүрэлбаатарыг шүүхэд өгнө. Хуралдаа суухгүй энэ хүн чинь хаачсан юм
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр хэлэлцэж байна. Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг заалтыг уг хуулиас хасахтай холбоотой асуудлаар Н.Алтанхуяг гишүүн байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хэлэхдээ "Энэ хаваржингаа Хөрөнгө оруулалтын тухай хуулиар шоу хийлээ. 2013 оны хуулиас 60+40 жилээр газар ашиглах заалтыг авъя гэж байна. 1993 оны хуулиас энэ заалтыг бас авахгүй юм уу. Н.Алтанхуяг 60+40 жил гэдэг заалтыг оруулсан гэж Ч.Хүрэлбаатар гүтгээд байгаа. УИХ-ын архивд манай Засгийн газраас энэ заалтыг оруулаагүй, 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалт гэдэг заалт оруулсан тухай баримт бий. Тухайн үед УИХ дээр Засгийн газраас оруулж ирсэн хууль дээр нэмж, хасаад явахдаа 60+40 жил гэдэг заалтыг нэмсэн юм билээ. Энэ бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал юм. Гэтэл Засгийн газраас оруулж ирсэн мэтээр МҮОНТВ-ээр худлаа гүтгэж яриад байгааг шүүхэд өгнө. УИХ-ын Тамгын газраас 2013 онд Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд энэ заалт байхгүй гэдгийг нотолж өгмөөр байна. Энэ гүтгэлгээ одоо болих хэрэгтэй. Сангийн сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд нар хаачсан юм. Сонгууль хийгээд хуссан мөнгөө тараагаад явж байна уу" гэсэн юм.