Монголоор дамжих хийн хоолойн төслийг урагшлуулахаар ОХУ-ын ерөнхийлөгч Бээжинд айлчилна

10-р сарын 16, 2023 - 09:43
1 жил өмнө
 0  25
Монголоор дамжих хийн хоолойн төслийг урагшлуулахаар ОХУ-ын ерөнхийлөгч Бээжинд айлчилна

 Бээжин хотод зохион байгуулагдах “Бүс ба Зам” төслийн чуулганд оролцох, Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй уулзах зорилготой ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний айлчлал эхлэх гэж байгаа тухай олон улмын хэвлэлүүд мэдээлж  эхэллээ. Путиний айлчлалын гол зорилго нь Ямалын хойгоос олборлосон байгалийн хийг Монголоор дамжуулан Хятадын зах зээлд хүргэх Сибирийн Хүч-2 хоолойн төслөө Бээжингийн эрх баригчдаар зөвшөөрүүлэх гэж ажиглагчид дүгнэж байгаа юм. Төсөл нь Украины дайнтай холбоотой эдийн засгийн хоригийн улмаас алдсан Европын хийн зах зээлийг Хятадын зах зээлээр орлуулах зорилготой юм. Газпромын ерөнхийлөгч Алексей Миллер, Роснефтийн тэргүүн Игорь Сечин нар Путинийг дагалдан Бээжинд хүрэлцэн очихоор болсон байна. Украины дайн эхлэхээс өмнө яригдаж эхэлсэн энэ төслийг талаар Бээжингийн Өвлийн олимпын наадмын нээлтэд очихдоо Путин Шитэй хэлэлцэж байжээ. Үүнээс  хойш Оросын тал төслийг эхлүүлэхэд бэлэн байгаагаа хэд хэдэн удаа илэрхийлсэн ч Бээжингийн эрх баригчид хариу өгөхгүй байсан юм.

Энэ оны гуравдугаар сард Ши Жиньпинийг Москвад айлчлах үеэр асуудлыг дахин сөхсөн ч Хятадын тал шийдвэртэй хариу өгөөгүй. Тавдугаар сард ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин Бээжинд айлчлахдаа төслийн талаар дахин ярилцаад мөн хариу амлалт авч чадаагүй буцсан. Энэ төслийг хоёр орны удирдагчид 2014 онд Орос улс Крымийн хойгийг Украинаас булаан эзэлж, зүүн Украинд салан тусгаарлах дайн эхлүүлсний дараахан тохиролцож байжээ. Газарзүйн байрлалын хувьд Европын зах зээлд илүү ойр дөт Ямалын хойгийн ордоос Хятад руу татах хоолойн дээд багтаамж жилд 50 тэрбум шоо метр байх юм. BCM Global Markets хөрөнгө оруулалтын компанийн тооцоолсноор Сибирийн Хүч-2 төсөл хэрэгжвэл Газпромд жилийн $12 тэрбумын орлого оруулж, Оросын засгийн газарт $4.6 тэрбумын татварын орлого оруулах гэнэ. Энэ нь 2023 оны Оросын нийт эрчим хүчний салбараас олж буй сарын дундаж орлогын талд ч хүрэхгүй хэмжээ юм. Гэхдээ Өрнөдийн эдийн засгийн хоригт орсон энэ хүнд цаг үед голохоор орлого биш гэж судлаачид үзэж байна.

Share:
25

like

dislike

love

funny

angry

sad

wow