Жижиг тэрэг жолооддог иргэн жилд 100 мянган төгрөгийн төлбөр төлнө
Нийслэлийн ИТХ-аас баталсан 2024 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор Улаанбаатар хотод авто тээврийн хэрэгслийн албан татвар болон авто зам ашигласны төлбөрийг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлсэн.
Ажил гэрийн хооронд жилд дунджаар 6000 км зам туулдаг жижиг тэрэг жолооддог иргэн авто зам ашигласны төлбөрт жилд 20 мянган төгрөг буюу км тутамд 3 төгрөгийн татвар төлдөг байсан аж. Энэ нь дэлхийн дунджаас 86 дахин бага, харин манай улстай адил зохицуулалттай орнуудаас 90 дахин бага төлбөр гэнэ. Дүгнээд үзэхээр, авто замын засвар арчлалтын байдал болон ойролцоо орнуудтай харьцуулахад ч тэр авто зам ашигласны төлбөр нэг км тутамд гурван төгрөг байсныг 15 төгрөг болгож байгаа юм байна. Тухайлбал, жижиг тэрэг жолооддог иргэн жилд 100 мянган төгрөгийн төлбөр төлнө.
Авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэхэд хэдэн үндсэн шаардлага гарчээ. Замын санд төвлөрсөн бүх хөрөнгийг авто замын засвар, арчлалтад зарцуулахаар Авто замын тухай хуульд заасан байдаг. 2024 он хүртэлх байдлаар ойролцоогоор 18-20 км замыг засах боломжтой байсан. Улаанбаатар хотын авто замын сүлжээний нийт урт 1200 гаруй км. Жилд 18-20 км зам засна гэхээр нийт замын 1.5 хувийг засаж, үлдсэн 98 хувьд ямар нэгэн байдлаар засвар арчлалт хийгдэхгүй үлддэг байсан байна.