М.Нарантуяа-Нара: Миний хувьд дэд даргаасаа буусан гээд улс төрийн зорилгод маань нөлөөлөхгүй
УИХ-ын гишүүн М.Нарантуяа намынх нь удирдах зөвлөл хуралдах үеэр түүнийг дэд даргын албан тушаалаас буулгасантай холбогдуулан албан ёсоор тайлбар өглөө.
-Таныг намын дэд даргаас огцруулсан байна. Та ямар тайлбар хэлэх вэ?
-Би намаа УИХ-д дөрвөн суудалтай болгохын төлөө маш их хичээж, чармайж өөрт байгаа бүх боломжоо дайчилсан. Хөрөнгө санхүүгээ шавхсаны минь төлөө намайг дэд даргаас минь буулгалаа. Нийтдээ есөн дэд дарга байсан. Тэр дундаас ганцхан намайг буулгах эвгүй учраас зүүн бүсэд дэвшиж чадахаараа ажиллаж байсан Малчдын холбооны тэргүүн эмэгтэйг бас хассан. Би намд ч тэр, улс төрд ч тэр би үнэхээр цагаан цаас байгаа. Гэхдээ ийм явуургүй, ах дүү, төрөл төрөгсдийнхөө хүрээнд ийм муухай юм хийдгийг нүдээрээ үзлээ. Өчигдрийн Үндэсний хорооны хурал ирцдээ хүрээгүй. Ирсэн хүмүүсийн 60 хувь нь урьд өмнө намд харж байгаагүй хүмүүс байсан. Бас нэг зүйлийг онцлоход саналын эрхтэй намын Үндэсний хороонд намын даргын төрсөн ах дүү гурав дээрээс нь намын дарга өөрөө гээд дөрвөн хүн байж байгаа нь эрүүл үзэгдэл үү. Шударга явдал мөн үү гэж хурал дээр цохон тэмдэглэсэн.
-Та намынхаа шийдвэрийг хэрхэн хүлээж авч байна?
-Ийм юм болдог юм байна гэдгийг нь мэдээд “Ийм л байдаг юм байлгүй” гэж бодож байна. Мэдээж миний эгдүү хүрч байгаа. Угтаа бол ард түмний итгэл найдварыг авсан энэ нам цэвэрлэгдэх учиртай. Эрүүл, зөв сэтгэлгээтэй ийм залуус үнэхээр энэ намд байхгүй бол ИЗНН-ын мөрийн хөтөлбөрт байгаа улс төрийн намуудыг татан буулгах өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэн хийх ёстой.
-Яагаад таныг дэд даргаас буулгав?
-Одоо мэдэхгүй. Би зөвхөн намын даргаа яриагүй шүү дээ. УИХ-д гишүүн болж, тангаргаа өргөж орж ирчхээд ирцээ бүртгүүлчхээд гараад явдаг хүмүүсийг бүгдийг нь хэлсэн. Тэр дундаа сөрөг хүчний намын дарга нар чуулганы хуралдаанд зайлшгүй байх ёстой. Энэ удаагийн чуулганд хоёр сөрөг хүчин байгаа.
Манай намын дарга 2004-2008 онд УИХ-д сууж байсан туршлагатай. Яах вэ өөрийнхөө хувьд асар мундаг туршлагатай улс төрч байх. Миний хувьд бол муу туршлагатай. Хүссэн үедээ хурлаа тасалдаг гэх мэтийн ийм туршлагатай улс төрчид энэ удаагийн парламентад хоцрогдох байх. Яагаад гэвэл энэ удаагийн парламентад шинэ үеийн, өндөр шаардлагатай, хариуцлагатай, нэхэл хатуутай гишүүд орж ирсэн. Сөрөг хүчин аль эсвэл Засгийн газарт байна уу хамаагүй өөрсдийнхөө дуу хоолойг чөлөөтэй илэрхийлж чаддаг, шударга үнэний дуу хоолой болж чаддаг, ард түмний дуу хоолой болдог маш олон зарчимч гишүүд гараад ирчихсэн байгаа.
- Таны цаашдын ажилд дэд даргаас огцруулсан асуудал нөлөөлөх үү?
-Миний хувьд дэд даргаасаа буусан гээд улс төрийн зорилгод маань нөлөөлөхгүй.