МАН: 2028 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ
МАН “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөр боловсруулжээ Монгол Ардын намаас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд дэвшүүлэн оролцох мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүлээлгэн өгөв. Монгол Ардын Намын Бага хурлын III дугаар хуралдаанаар ирэх сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө баталсан. Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан танилцуулав.
Тэрээр, Монгол Ардын Нам Засгийн газрын эрх баригч хүчний хувьд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн, эхлүүлсэн улс орны эдийн засаг, нийгмийн байдалд өөрчлөлт авчирч чадахуйц томоохон төсөл хөтөлбөрийг сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө гол зүйл болгон боловсрууллаа. Ингэхдээ УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан хориг заалтыг даваагүй. 2030 он хүртэл Монгол Улсыг хөгжүүлэх бодлого дээр суурилсан “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөө боловсруулсан.
Мөн түүнчлэн монгол хүний амьдралын чанарыг баталгаатай болгож нэг хүнд ногдох ДНБ-ийг нэмэгдүүлэх чиглэлээр голчлон анхаарч мөрийн хөтөлбөрөө боловсрууллаа. 2016 онд МАН Засгийн эрх авахад эдийн засгийн өсөлт 1 хувьтай, нэг хүнд ногдох ДНБ 3 мянган ам.доллартай тэнцэж байсан. Одоо нэг хүнд ногдох ДНБ 6 мянган ам.долларт дөхөж очсон байна. 2024 оны жилийн эцсийн байдлаар ДНБ 74 их наяд хүрэх бодитой боломжтой болсон МАН 8 жилийн хугацаанд Засгийн эрх барихдаа нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг даруй 2 дахин нэмэгдүүлж чадлаа. Манай мөрийн хөтөлбөрийн агуулга, зорилго бүрэн хангагдсанаар 2028 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх зорилтыг тавьсан мөрийн хөтөлбөр боловсруулсан нь энэ юм.
Ийнхүү ДНБ, эдийн засгийн өсөлт тогтвортой байх нөхцөлийг харгалзаад цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх боломжийг тооцоо судалгаанд үндэслэн боловсруулж Үндэсний аудитын газарт хянуулахаар өгч байна гэв.