Мал нь 70 хувиас дээш хорогдсон өрхүүдэд ₮5-8 саяын хүүгүй зээл олгоно
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан малчдын “Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл”-ийн агуулгыг танилцууллаа. Тэрбээр “Уламжлалт мал ахуй, малчдад ихээхэн бэрхшээл тулгамдаж байгаа энэ цаг үед тухайн хуулийн төсөл орж ирлээ. Малчдад маш олон асуудал тулгамдаж ирсэн учраас МАА-н салбарын бодлогыг шинэчлэх шаардлагатай тул хуулийн төслийг өнөөдөр өргөн барихаар болж байна.
Нэгдүгээрт, цас зуданд нэрвэгдсэн малчдыг өнгөрсөн цаг хугацаанд авсан зээлийн асуудал үүссэн. Өнгөрсөн хугацаанд засгийн газар зээлийн эргэн төлөлтийг нэг жилээр хойшлуулж хуримтлагдсан хүүгийн 25-30 хувийг малчид өөрсдөө, зөрүүг нь ирэх оны төсөвт тусгах замаар шийдвэрлэсэн. Энэ тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.
Хоёрдугаарт, цаашид мал нь 70 хувиас дээш хорогдсон малчин өрхүүдийг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-д 2024 онд батлагдсан төсвөөр малжуулах ажил хийгдэж, 5-8 сая төгрөгийг урт хугацаатай хүүгүй зээл хэлбэрээр хүргэнэ.
Гуравдугаарт, уламжлалт мал аж ахуйн сөрөг нөлөөллийг бууруулах “Шинэ хоршоо” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Өнөөдөр малчид малынхаа нэмүү өртгийг анхан шатандаа шингээж чадахгүй байгаа нөхцөлийг засна. Одоо хамаг ашиг ченжид очоод байгааг өөрчилье. Малчин нэг үхрээ сая төгрөгөөр зарахад ченжийн гараар дамжаад зах зээлийн үнэ 4-5 сая болж нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл нэг үхрийн зах зээлийн ханшийн 20 хувийг л малчин өөрөө хүртэж байна. Тус хөтөлбөр 40-50 хувийн ашиг малчдын гар дээр байх боломжийг бүрдүүлж малчин өрхүүд чинээлэг дундаж давхаргын төлөөлөл болно. ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг гарч 45 хоног ажиллалаа.
Үүний үр дүнд “Зээлийн батлан даалтын сан” малчдын зээлийг 80-100 хувиар даах боломж нь өнөөдрийн хуулийн төслийг дагаад гарч ирнэ. “Зээлийн батлан даах” сангийн шалгуур хангасан малчин 50 сая хүртэлх зээл авах боломжтой болно. Өөрөөр хэлбэл малчин өөрөө 20 хувь, сан 80 хувийг батлан даана. Малчинд барьцаа байхгүй бол 20 сая зээлийг тус сан батлан даахаар зохицуулсан. Жишээ нь, 200 толгой малтай айл 30 сая төгрөгийн зээлийг тухайн сангаар даалгаад гаргах боломжтой. Ингэхдээ “Шинэ хоршоо”-ны гишүүн болж хоршиж ажиллаж байгаа малчдад өгнө. Мөн хоршсон баг, суманд мах, арьс шир, сүү, цагаан идээний цех үйлдвэртэй болно. Энэ чиглэлийн үйлдвэрүүд ажиллаад эхлэхээр өнөөдөр 150 мянган төгрөгөөр зарж байгаа ноолуурыг малчид өөрсдөө ангилж, ялгаад 80-100 доллараар зарах боломж бүрдэнэ” гэв.