Кремлийн төлөөлөгч генерал Сергей Суровикины талаар тайлбар хийхээс татгалзсан бол түүний охин аавыгаа хоригдоогүй гэв
"Вагнер" бүлэглэлийн зэвсэгт бослогын талаар мэдэж байсан гэх генерал Сергей Суровикиныг баривчлагдсан тухай мэдээлэлд Кремлийн төлөөлөгч тайлбар хийхээс татгалзлаа. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Суровикинтэй холбоотой нөхцөл байдлыг тодруулсан сэтгүүлчдийн асуултад “Батлан хамгаалах яаманд хандахыг зөвлөе. Энэ бол тус яамны онцгой эрхийн асуудал" хэмээн хариулжээ. Мөн Ерөнхийлөгч В.Путин генерал С.Суровикинд итгэл хүлээлгэж буй эсэх тухай асуултад Песков хариулахаас татгалзжээ.
Украин дахь цэргийн ажиллагааг удирдаж байсан генерал Сергей Суровикиныг хөлсний цэргийн вагнерчууд бослого өдөөхөөр төлөвлөж байсныг урьдаас мэдэж байсан хэмээн АНУ-ын тагнуулын алба өөрийн эх сурвалжид тулгуурлан мэдээлсэн юм. Улмаар "Вагнер"-ын тэргүүн В.Пригожинтой ойр холбоотой түүнийг баривчлан мөрдөн байцааж байгаа тухай мэдээлэл гарсан билээ.
Тэгвэл Суровикины охин хэвлэлд өгсөн ярилцлагадаа эцгийгээ баривчлагдсан тухай мэдээллийг үгүйсгэсэн байна. "Түүнд юу ч тохиолдоогүй, ердийнх шигээ ажлын байрандаа байгаа" гэж Вероника Суровика хэлээд эцэг нь хэвлэл мэдээллийнхэнтэй бараг харилцдаггүй гэжээ. Аюулгүй байдлын албаны эх сурвалжаас эш татан Оросын өөр хэд хэдэн бие даасан хэвлэл С.Суровикиныг одоогоор баривчлаагүй гэж мэдээлж байгаа гэнэ.