Кремлийн хэвлэлийн албаны даргын хүү Украинд байлдаж байгаа гэв
Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песковын хүү сүүлийн зургаан сарын турш Вагнер компанийн их бууны салаанд Украины фронт дээр байлдаж байгаагаа саяхан мэдэгджээ.Комсомольская Правда сонинд өгсөн ярилцлагадаа 33 настай Николай Песков “Энэ бол миний үүрэг. Найзууд маань фронтод явж байгааг хөндлөнгөөс хараад зүгээр сууж чадсангүй” гэж ярьсан байна.Тэрбээр хувийн зэвсэгт хүчний Вагнер компанид элсэх аргаа олохгүй байсан тул ааваасаа тусламж авсныг бас ярьжээ.Аавынх нь байр суурь ямар байсан талаар асуухад Николай “Тэр надаар бахархаж байсан. Намайг зөв шийдвэр гаргасныг тэр хэлж байлаа” хэмээн хариулсан байна.Кремлийн өндөр албан тушаалтантай хэлхээ холбоотой гэдгээ нуухын тулд хуурамч нэр, бичиг баримт ашиглаж байгаагаа тэр бас ярьжээ. Сэтгүүлчидтэй уулзахдаа Дмитрий Песков хүү нь цэргийн тусгай ажиллагаанд оролцож буйг баталсан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. “Миний ажил үүрэгтэй холбоогүй тул би энэ талаар яримааргүй байна” гэж тэр сэтгүүлчийн асуултад хариулжээ. Кремлийн суртал нэвтрүүлэгчдийн нэг, телевизийн хөтлөгч Владимир Соловьев энэ оны нэгдүгээр сард дорнод Украинд нүүрэндээ баг зүүсэн хэсэг цэргүүдтэй хамт авхуулсан зургаа үзүүлээд тэдний нэг Николай Песков байсныг ярьжээ. Гэхдээ зарим эх сурвалжууд Николайг дайнд явсанд эргэлзэж байгаагаа мэдээлсэн байна. Тухайлбал ВЧК-ОГПУ хэмээх Телеграм суваг өнгөрсөн хугацаанд Николай Песковын эзэмшдэг автомашин хурд хэтрүүлсэн шалтгаанаар торгуулийн хуудас хэд хэдийг авсан тухай баримтыг дэлгэжээ. Харин Вагнер группийн тэргүүн Евгений Пригожин гурван долоо хоног бэлтгэлд хамрагдсаныхаа дараа Песковын хүү их бууны салаанд хуваарилагдсан болохыг өчигдөр мэдээлсэн юм. Николайг бусдынхаа нэгэн адил баатарлагаар тулалдаж байгааг Пригожин баталсан байна. Аав нь хүүгээ бусдаас онцгойлон харж үзэлгүйгээр их бууны салаанд хуваарилахыг өөрөөс нь гуйсан тухай тэр бас ярьжээ. Николай Песков 1990 онд төрж, бага насандаа ээжийн хамт Их Британид цагаачилж байсан юм. Дмитрий Песковын анхны эхнэр Британийн иргэнтэй гэрлэсний дараа тэр хойд эцгээрээ овоглож (Nikolai Choles) байжээ. 2010 онд тэр дээрэм хийж, бусдын биед гэмтэл учруулсан хэргээр шийтгүүлж байсныг Британийн шүүхийн бичиг баримт харуулдаг.Николай 2012 онд Оросын төрийн RT (Russia Today) телевизийн сувгийн англи хэлний хэсэгт ажилд орж байжээ.2022 оны есдүгээр сард Оросын сөрөг хүчний нэг идэвхтэн армийн цэрэг татлагын албан хаагчийн нэрийн өмнөөс Николайтай холбогдож, дайчилгаанд хамрагдах болсныг нь дуулгаж, бичсэн яриагаа нийтэд цацаж байв. Тэр үед Николай цэрэг татлагын байранд очихоос эрс татгалзаж байжээ.“Би тэнд очих ёстой хүн биш гэдгийг чи ойлгох ёстой. Би үүнийг өөр түвшинд шийднэ” гэж Николай тухайн үед хуурамч дуудлагад хариулсан нь бичигдсэн байдаг.