Кино найруулагч Г.Жигжидсүрэнд Хөдөлмөрийн баатар цол олголоо
Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн ордонд төрийн дээд цол, одон медаль гардууллаа.
Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон дэлгэцийн олон арван бүтээлийг найруулан үзэгчдийн хүртээл болгож, урлаг судлал, эрдэм шинжилгээний өгүүлэл, шүүмж бичиж кино урлагийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оруулсан жинтэй хувьд нэмрийг нь үнэлэн КУДС-ийн багш, Ардын жүжигчин, кино найруулагч Гомбожавын Жигжидсүрэнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбот тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнав.
Улс эх орондоо 56 жил тасралтгүй ажиллахдаа соёл, урлаг, боловсролын салбарт хүчин зүтгэж, Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван дэлгэцийн бүтээл найруулан үзэгчдийн хүртээл болгож,
- Анхны алхам
- Суварган цэнхэр уулс
- Их бүрдийн домог
- Нарны уянга
- Их хааны удам зэрэг 10 гаруй кино зохиол бичиж, 50 гаруй уран сайхны болон баримтат кино, теле бүтээлийг найруулан тавьж, урлаг судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний олон арван өгүүлэл шүүмж бичиж, ард түмнийг соён гэгээрүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлон тэмдэглэв.