Хөдөлмөрийн насны иргэдийн нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлдэг болохыг тогтоожээ

5-р сарын 23, 2023 - 10:30
2 жил өмнө
 0  15
Хөдөлмөрийн насны иргэдийн нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлдэг болохыг тогтоожээ

ЭМЯ, НЭМҮТ хамтран ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах чиг хандлага” үндэсний чуулган өнөөдөр “Чингис” зочид буудлын хурлын танхимд эхэллээ. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд хүн амын эрүүл мэндийн мэдлэг боловсролыг дээшлүүлж, үндэсний түвшинд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх замаар иргэдийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээнд  хамрагдалтыг нэмэгдүүлж, сэргийлж болох нас баралтын түвшинг бууруулах зорилт тавин ажиллаж байгаад онцлоод “2019 онд хийсэн Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын шаталсан судалгаагаар манай улсын 15-69 насны  гурван хүн тутмын нэг нь, 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй, энэ эрсдэл эрэгтэйчүүдийн дунд эмэгтэйчүүдээс 1.5 дахин өндөр гарсан.

Монгол Улсад хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлж байна. Өөрөөр хэлбэл, монгол хүн сэргийлж болох хүчин зүйлийн улмаас өвчилж, нас барж байгаа нь иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх нэн шаардлагатай байгааг харуулж байна.

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскаланте халдварт бус өвчнийг бууруулах замаар нас баралтыг багасгах талаар дэлхий нийтэд  баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар товч танилцуулахдаа Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоо хүн бүрт хүрч чаддагаараа бүс нутагтаа дээгүүр орно хэмээв. Тэрбээр өөрийнх нь очсон аймгуудын хүн амын 40-өөс доошгүй хувь нь 18 хүртэлх насныхан байсан бөгөөд Монгол Улсын хувьд хүн амын насжилтын пирамидын суурь нь өсвөр үе, залуус байгааг харгалзан эрүүл мэндийн боловсрол олгох, амьдралын зөв дадал хэвшлийг бий болгох ажлыг хүүхэд байхаас нь эхлэх ёстой гэв. Хэрэв одоо бид зургаа болон түүнээс доош насныхантайгаа сайн ажиллаж чадвал 5-10 жилийн дараа тодорхой үр дүнд хүрч чадна гэж байлаа. Мөн халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хүмүүсийн амьдрах, ажиллах орчин чухал нөлөөтэй тул агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, ажлын байрны эрүүл аюулгүй нөхцөлийн бүрдүүлэхэд анхаарах ёстой бөгөөд ДЭМБ нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад анхаарч ажиллана гэж мэдэгдсэн юм.

Share:
15

like

dislike

love

funny

angry

sad

wow