Хүүхэд залуучуудын театр Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр хөшгөө нээнэ
Хүүхэд залуучуудын театр 1967 онд байгуулагдаж, 1997 онд хувьчлагдаж үгүй болсон. 27 жилийн дараа хөшгөө дахин нээж, хүүхэд залуучуудад уран бүтээлээ толилуулахад бэлэн болжээ. Уг театрын бүтээн байгуулалтын ажил 2018 онд эхэлсэн. 2021 оны 06 дугаар сарын 01-нд Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо, Ханын материал орчимд баригдаж буй дүүргийн соёлын ордныг Хүүхэд, залуучуудын театр болгон үйл ажиллагааг нь өргөтгөх шийдвэр гарч байв. Театрын уран бүтээлчид хамт олон нээлтээрээ залуучуудад зориулан Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр хөшгөө нээх юм.
Театр 760 хүний суудалтай, орчин үеийн олон улсын стандартад нийцсэн техник тоног төхөөрөмжтэй аж. Нээлтийн арга хэмжээ өнөөдөр 14:00 цагт болох юм.