Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг биечлэн дуудаж групп сунгадгийг болиулна
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар дараах албаны хүмүүс мэдээлэл хийлээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: -Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэлийн загварыг бий болгох ажлыг өнгөрсөн тавдугаар сараас хойш эхлүүлсэн. Энэ ажлыг хэрэгжүүлэх баг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд үр дүнгээ танилцууллаа. Процессын дахин инженерчлэл гэдэг нь төр үйлчилгээний байгууллагууд шиг иргэндээ хүрч үйлчилдэг болох явдал. Арилжааны банк, томоохон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа өнөөдөр хэрэглэгчдийнхээ сэтгэлд нийцэх хэмжээнд хүрсэн. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээ, нийгмийн даатгалын салбарыг сонгон авч иргэддээ түргэн шуурхайн үйлдэг болгоно.
Нийгмийн даатгалын сан дотор таван төрлийн сан харьяалагдаж байдаг. Арилжааны банкууд дээр тэдгээр таван сан нийт дүнгээрээ 2650 данстай байна. Мөн төрийн сан дээр 750 данстай үйл ажиллагаа явуулж байна. Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааг явуулахын тулд яагаад 3,400 гаруй данс шаардлагатай байгаа юм бэ гэх асуудал үүсэж буй. Үүнийг арилжааны банк тус бүр дээр нь нэг данстай, төрийн сан дээр нэг л данстай болгож өөрчилнө.
Ямар нэгэн байдлаар механикаар хүнд суртал үүсгэж байгаа асуудлыг илрүүлэн, төр өөрөө өөрийгөө толинд харж авлаа гэсэн үг. Нэгэнт толинд хараад авсан болохоор алдаа дутагдлуудаа засаж, залруулж богино хугацаанд шийдвэрлэх нь бидний үүрэг юм.
Хоёр дахь жишээг дурдвал Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээ тусдаа байсан. Нэг төрлийн үйлчилгээ үзүүлэх ёстой хоёр байгууллага хоорондоо 1.5 километрийн зайтай оршиж байдаг. Нэгнээс нь үйлчилгээ авах гэхээр нөгөө байгууллагаас бичиг авсан байх шаардлагыг тавьдаг. Иргэд энэ хоёр байгууллагын хооронд цаг алддаг, хүнд сурталд автдаг. Бидний өөрчлөлт, шинэчлэлийн үр дүнгээр төрийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд бүгд ижил төрлийн үйлчилгээг иргэнд үзүүлж чаддаг болох тогтолцоонд оруулах юм. Тухайлбал, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн хоёр жил тутамд заавал биечлэн очиж халамжийн тэтгэвэр авах эрхээ сунгуулдаг. Үүнийг болиулна.
Төрийн үйлчилгээг чирэгдэлгүй болгох энэхүү процессын дахин инженерчлэлийг судалгааг Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн хамт олон хийсэн. Эхний ээлжид хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт процессын дахин инженерчлэлийг хийж байгаа бол дараагийн удаа эрүүл мэнд, боловсролын салбарт хэрэгжүүлнэ.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж: -Эмнэлэг хөдөлмөрийг магадлах комиссын хурал хэнийг, юуг хянах гээд байна вэ гэдэг нь ойлгомжгүй явж ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөдөлмөрийн чадвараа алдсан хүний талаар эмч шийдвэрээ гаргачихаад тухайн хүнийг дуудаж, хуралд заавал байлцуулдаг. Үүнийг өөрчилж байна. Эмч шийдвэрээ гаргасан бол хуралд биечлэн оролцож, өөрөө үүрэг хариуцлагаа хүлээнэ. Хоёр минутын хуралд оролцохын тулд иргэн 1180 км-ыг туулж, хоёр сая төгрөгийн зардал гаргаж, 14 хоног зарцуулдаг байсан. Цаашид иргэн хуралд заавал биечлэн оролцох шаардлагагүй. Мөн хоёр удаа болдог байсан хурлыг нэг болгож байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа: -Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт цахимжилт сайн явагдсан. Гэсэн хэдий ч 2022 оны байдлаар манай төрийн үйлчилгээний байршлуудад давхардсан тоогоор дөрвөн сая гаруй иргэн үйлчлүүлсэн. Цахимаар зургаан сая гаруй иргэн хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээ авсан байна. Манай салбарт цахимаар авсан баримт материалыг цаасан хэлбэрээр давхар бүрдүүлдэг. Архивын дүрэм журам нь ийм байгаа. Нийгмийн даатгал, тэтгэвэр тогтоолгох, халамжийн үйлчилгээ авах зэрэг бусад асуудалтай холбоотой 100 мянга гаруй гомдол нэг улиралд ирдэг. Тиймээс төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх замаар иргэдийн өргөдөл, гомдол, шат дамжлагыг бууруулах, төрийн алба хаагч нарын ажлын байрны дарамт, ачааллыг багасгах хэрэгцээ шаардлага байгаа. Мөн Нийгмийн даатгалын багц хууль 2023 оны долдугаар сард батлагдсан. Нийгмийн даатгал, хөдөлмөр халамжийн 60 гаруй журамд өөрчлөлт орж байгаа уг хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Өөрчлөлт хийгдэж байгаа энэ үед төрийн үйлчилгээний дахин инженерчлэлийг хийж, програм хангамжийг шинэчилэх замаар иргэдэд учрах чирэгдлийг бууруулах процессыг хийхээр оруулж ирж байна.
Төрийн байгууллагуудын бүтэц 400 мянган хүн амтай дүүрэг, 40 мянган хүн амтай аймаг байхаас үл хамаараад яг ижил байдаг. Тэгвэл дахин инженерчлэлээр төрийн үйлчилгээний байгууллагын үзүүлж байгаа үйлчилгээ, хийж байгаа гүйлгээний тоогоор нь хүн амттай нь уялдуулж бүтцийг харилцан ялгаатай хийх ёстой гэдэг шийдэлд хүрч байна.
Мөн нэг цэгийн үйлчилгээний төвүүд өнөөдөр Засаг даргад үйлчлэх гэж байгаа юм шиг төрийн захиргааны байрыг тойроод тусдаа байранд байрлаж байгаа. Гэтэл арилжааны банк, үүрэн холбооны оператор компаниуд хүмүүс хаана үйлчилгээ авахыг хүсч байгаа, эрэлттэй газар нь бүхий л үйлчилгээгээ үзүүлдэг. Тиймээс томоохон дүргүүдийг бүсчлээд татвар, бүртгэл, нийгмийн даатгал, хөдөлмөр халамж гээд төрийн бүх үйлчилгээг нэг газраас авдаг болох зохион байгуулалт руу орох нь зүйтэй гэж үзлээ. Төр бус иргэн төвтэй төрийн үйлчилгээг нэвтрүүлэх ёстой.
Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн захирал Б.Дөлгөөн: -Процессын дахин инженерчлэл нь төрийн байгууллагын чадамжийг сайжруулахаас гадна төрийн албан хаагчийн чадварт нөлөөлөх том ажил болсон. Процессын дахин инженерчлэлийг хэрэгжүүлэхэд тодорхой хугацаа орно. Ямартай ч он дуустал хоёр сарын хугацаанд туршилт явуулахаар болж байна.