Израилийн арми Газа хотыг бүрэн бүсэлжээ
Израилийн арми Газын зурвасын хамгийн том хот болох Газаг бүрэн бүсэлсэн тухай өчигдөр мэдээлжээ. Хамасын зэвсэгт хүчний салбар Эззедин Аль-Кассам бригадын хэвлэлийн төлөөлөгч Абу Обейда хариуд нь “Газа хот Израилийн түүхэнд хараал болж үлдэнэ” хэмээн анхааруулжээ.
“Израилийн цэргүүд Хамас террорист байгууллага төвлөрдөг Газа хотыг бүрэн бүсэллээ. Гал зогсоох тухай ямар ч төлөвлөгөө одоогоор байхгүй байна” гэж Израилийн армийн хэвлэлийн төлөөлөгч Даниэл Хагари сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ. Пүрэв гарагт Хезболлах зэвсэгт байгууллага Ливаны нутгаас Израилийн хойд бүсийн нэг хот руу пуужин харвасны дараа талууд харилцан буудалцжээ. Цөөн хэд хоногийн дотор Ойрх Дорнодод хоёр дахь удаагаа айлчлах гэж буй АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өчигдөр хэлэхдээ “Бид аливаа хурцадмал байдлыг таслан зогсоох шийдвэр төгс байгаагаа маш тодорхой үйлдлүүдээр харуулж байна” гэж мэдэгдсэн байна.Тэр өнөөдөр Израильд хүрэлцэн ирэх юм. Пүрэв гарагт гадаадын болон давхар иргэний харьяалалтай хэдэн зуун хүн нэмж Египетийн Рафах боомтоор Газын зурвасаас гарчээ. Өчигдөр дайн эхэлсэн цагаас хойш Газын зурвасаас хүмүүсийг гаргасан хоёр дахь өдөр болж байна.
Египетийн эрүүл мэндийн яам өчигдөр гадаадын 344 иргэн, хүнд шархтай 21 палестин хүнийг нэвтрүүлснээ мэдээлжээ. Гадаадын иргэдийн 72 нь хүүхэд байсан байна.
Тус улс цаашдаа нийт 7,000 гадаад паспорттой иргэнийг Рафахаар дамжуулан Газын зурвасаас гаргахаар төлөвлөснөө мэдээлжээ.
.