Иргэн Д.Мөнхбатад ЗГ-аас 22 сая төгрөг олгохоор шийдвэрлэжээ

6-р сарын 30, 2023 - 09:07
1 жил өмнө
 0  30
Иргэн Д.Мөнхбатад ЗГ-аас 22 сая төгрөг олгохоор шийдвэрлэжээ
Иргэн Д.Мөнхбатыг "Энхсаран" сувилалын газраас короновируст халдвар илэрснийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлснийх нь төлөө Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар торгосныг эсэргүүцэн шүүхэд хандаад байсан билээ.
 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд иргэн Д.Мөнхбатыг "Энхсаран" сувилалын газраас короновируст халдвар илэрснийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлснийх нь төлөө эрүүгийн болон зөрчлийн хэрэг нээн шалгасан боловч түүний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй тул уг хэргүүдийг холбогдох байгууллагууд хэрэгсэхгүй болгожээ.
Д.Мөнхбат нь гэм хорын хохиролд 22.024.100 төгрөг гаргуулахаар иргэний шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангасан шийдвэр гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурор “Нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн, хуулийн байгууллагаас түүнийг ажлаасаа чөлөөлөгдөж, холбогдох хэргээ шийдвэрлүүлэх талаар тулгасан, шаардсан баримт байхгүй. Иймээс түүний ажилгүй байсан найман сарын хугацааны 12.000.000 төгрөг, нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд хөлсний талаар тусгаагүй байх тул өмгөөллийн хөлсөд төлсөн гэх 10.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан. Харин шүүх Д.Мөнхбатыг нь хэрэгт шалгагдах явцдаа эрх зүйн туслалцаа авч эд хөрөнгөөрөө хохирсон, нийт 14 сарын хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж, орлого олох боломжоо хязгаарлуулсан гэж үзжээ.
Түүнчлэн "Энхсаран" сувилалд журамд заасан хугацаанаас илүү хугацаагаар тусгаарлагдаж, улмаар өөрөө халдварт өвчин авч, эрүүл мэндээрээ хохирсон зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж дүгнэв. Иймээс учирсан гэм хорын хохирлыг төр хариуцан арилгах нь хуульд нийцнэ гэж дүгнээд, Монгол Улсын Засгийн газрын тусгай сангаас гэм хорын хохирол буюу олох ёстой байсан орлого 12.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөд төлсөн 10.000.000 төгрөг, баримт бичиг хуулбарлан авах, нотариатаар батлуулсны зардал 24.100 төгрөг, нийт 22.024.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мөнхбатад олгох шийдвэр гаргалаа.
Share:
30

like

dislike

love

funny

angry

sad

wow