Иран улсын харвасан пуужинд Пакистаны 2 хүүхэд өртжээ
Иран улс Пакистан улсын нутаг руу өчигдөр баллистик пуужин харваж, дроноор довтолсны улмаас 2 хүүхэд амь эрстэж, 3 хүн бэртэж гэмтлээ гэдгийг Пакистаны гадаад хэргийн яамнаас мэдээллээ. Ираны талаас Пакистаны нутаг дэвсгэр дээр орших Исламын Сунни урсгалын зэвсэгт бүлгийг онилсон гэж мэдээлсэн бол Пакистаны талаас агаарын орон зайд нь хууль бусаар халдаж, хүчирхийлэл тарилаа гэж буруутгасан байна. Мөн Пакистаны нийслэл Исламабадад суух Ираны элчин сайдыг нэн даруй дуудаж уулзжээ.
Иран улсын Пакистан руу харвасан пуужин Ойрх Дорнодод сүүлийн өдрүүдэд эрчимтэй тархаж байгаа Газын зурвасын дайны нөлөөний нэг илрэл байлаа гэж олон улсын хэвлэлүүдээр бичиж байна. Одоогоор Пакистаны гадаад хэргийн яамнаас Ираны довтолгоонд өртөж хохирсон хүмүүсээс бусдаар тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа бол Пакистаны цахим орчинд иргэдийн бичиж байгаагаар хоёр улсын хилийн зурвас дагуу оршдог Балокистан муж руу энэ агаарын довтолгоо иржээ. Ираны талын дурдаж байгаа Исламын Сунни урсгалын бүлэглэл нь Жаиш аль Адил гэх бүлгэм юм байна.