ИХ МАСТЕР, ГАВЬЯАТ ТАМИРЧИН Б.МӨНГӨНТУУЛ ТҮРҮҮЛЛЭЭ
ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод “Сагаалха-2024” шатрын түргэн тоглолтын олон улсын тэмцээн энэ сарын 15-17-ний өдрүүдэд боллоо. Тэмцээнд нийт 650 шатарчин өрсөлдсөний 12 нь Их мастер цолтон байв. Эмэгтэйчүүдийн ангилалд Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул алтан медаль хүртсэн бол дэд байрт Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер Т.Мөнхзул оржээ. Б.Мөнгөнтуул гавьяат тус тэмцээний хошой аварга болж буй бөгөөд өмнө нь 2017 онд түрүүлж, 2019 онд мөнгөн медаль хүртэж байлаа. Мөн эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн Их мастер С.Билгүүн тав, эмэгтэйчүүдэд өрсөлдсөн Э.Хулан дөрөвдүгээр байр эзэлжээ.