Грекийн эрэгт дүрвэгсдийн завь хөмөрч 78 хүн амиа алджээ
Грекийн өмнөд эрэгт дүрвэгсдийг тээвэрлэж явсан загас агнуурын хөлөг хөмөрсний улмаас 78 хүн нас баржээ.Олон хүн сураггүй алга болсон байна. Эргийн хамгаалалтын албанаас өгсөн мэдээллээр осол Пелопоннесийн эргээс баруун өмнө зүгт 87 км зайд, олон улсын усан хилд болжээ. Энэ цэг нь Газар дундын тэнгисийн хамгийн гүн хэсгүүдийн нэг юм. Загас агнуурын хөлөг онгоц дөрөв хоногийн өмнө Ливийн Тобрука хотоос гарсан бөгөөд зорчигчдын ихэнх нь Афганистан, Сири, Египет, Пакистаны дүрвэгчид байжээ. Тэд Италиас орогнол хүсэхээх зорьж явсан байна.
Хүчтэй салхи шуурганы улмаас аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан ч 100 гаруй хүнийг аварч чаджээ. Хөлөг осолдох үед 700-750 хүн тээвэрлэж явсан гэж таамаглаж байгаа ч хараахан батлагдаагүй мэдээлэл болохыг Грекийн түр засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Илиас Сиакантарис ERT агентлагт ярьжээ.
Сураггүй алга болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагаанд эргийн хамгаалалтын зургаан хөлөг онгоц, тэнгисийн цэрэг, цэргийн тээвэр, агаарын хүчний нисдэг тэрэг, мөн хувийн хэд хэдэн хөлөг онгоц оролцож байна.
Эргийн ойролцоо олон хүн амиа алдсантай холбоотойгоор Грект гурван өдрийн турш үндэсний хэмжээний гашуудал зарлалаа.