Шинэ авто замыг ашиглалтад оруулахын тулд түр гарам байгуулах боллоо
Авто замын байгууламжийг нэмэгдүүлэх, түгжрэл бууруулах чиглэлээр 2022 онд 11 байршилд зам, замын байгууламж шинээр барихаар төлөвлөж, дөрвөн байршлын замыг ашиглалтад оруулсан.
Эдгээр дөрвөн байршлын нэг болох Эрчим хүчний гудамжнаас “Монос фарм трейд” ХХК хүртэл буюу Таван шарын төмөр замын гарам хүртэл 1.74 км авто зам тавих ажил өнгөрсөн онд дууссан юм. Гэвч “ДЦС-4” ТӨХК-ийн ачаа тээврийн төмөр замд гарам гаргах асуудлаас шалтгаалан уг замын бүтээн байгуулалт бүрэн ашиглалтад оролгүй, нэг жил гацсан байна.
Тус төмөр зам нь “ДЦС-4” ТӨХК-ийн гол түүхий эд болох нүүрс тээвэрлэдэг салбар төмөр зам бөгөөд хийц бүтээц, ашиглалтыг тус байгууллага хариуцдаг байна. Харин төмөр замын аюулгүй ажиллагаа, үндсэн диспетчерийн үүргийг “Улаанбаатар төмөр зам” ХНН гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, тухайн төмөр замын байгууламж нь “ДЦС-4” ТӨХК-д харьяалагдаж байгаа ч үүнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс технологийн шаардлага тавьдаг аж. Тиймээс уг төмөр замд гарам гаргах ажил 5-6 төрийн байгууллагын уялдаа холбооноос хамааралтай гэсэн үг. Энэ асуудалтай холбогдуулан “Улаанбаатар төмөр зам” ХНН, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж, Нийслэлийн Замын хөгжлийн газрын холбогдох албаныхан газар дээр нь ажиллав.