Гал унтраах ангийн хангамжийн цооногоос ус алджээ
Дархан-Уул аймгийн далд усны цэгт гэмтэл гарч, цооногийн ус дээш оргилж, асгарчээ. Үүнээс үүдэн зам талбай тэр чигтээ усанд автсан юм. Тэгвэл тус гэмтлийг засварласан байна.
Дэлгэрүүлбэл, Өнөөдөр буюу 2024 оны 03.12-ны өдөр 13:20 цаг орчимд цооногоос их хэмжээний ус задран гарчээ. Уг шугам нь Шинэ Дархан, Хуучин хорооллын наймдугаар байр "Дархан-50" цогцолборын ойролцоо байрлалтай Онцгой байдлын газрын гал унтраах автомашиныг усаар тасралтгүй хангах зориулалттай галын далд усны цэг байсан байна. Ус алдсан шалтгааныг ус авахдаа (гидрантын) хаалтыг хааж чадаагүйн улмаас их хэмжээний ус алдсан гэж үзжээ.
Иймд "Тус ус алдсан шалтгаан нөхцөл нь "Дархан-Ус Суваг" ХК-ийн ямар нэгэн төв шугамын гэмтлийн улмаас үүсээгүй" гэж мэдэгдсэн байна.