Гадаад руу оргон зайлсан этгээдийг тогтоож, шилжүүлэн авахад дэмжлэг үзүүлэхээ Интерполын ерөнхийлөгч илэрхийлжээ

12-р сарын 12, 2023 - 11:26
12 сарын өмнө
 0  33
Гадаад руу оргон зайлсан этгээдийг тогтоож, шилжүүлэн авахад дэмжлэг үзүүлэхээ Интерполын ерөнхийлөгч илэрхийлжээ

Интерполын Ерөнхий ассамблейн 91 дүгээр чуулга уулзалт Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. 

Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй прокурорын байгууллагын төлөөлөгчид Интерполын ерөнхийлөгч Ахмед Насер Ал-Райсийн урилгаар тус чуулга уулзалт болон Интерпол үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээнд оролцов.

Улсын ерөнхий прокурор тэргүүтэй төлөөлөгчид Интерполын Ерөнхий ассамблейн чуулга, уулзалтаар

  • “Олон улсын хэмжээнд тулгамдаж буй гэмт хэргийн заналхийлэл”
  • “Улаан булант зар мэдээ, оргодол этгээдийг эрэн сурвалжлах, түгээх зарын үнэ цэнэ, нөлөө, хэрэгжүүлэлт”
  • “Хулгайлагдсан эд хөрөнгийг илрүүлэх, буцаан олгох асуудал” сэдэвт хэлэлцүүлэгт оролцон, санал бодлоо илэрхийллээ.

Чуулганы үеэр Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Интерполын ерөнхийлөгч Ахмед Насер Ал-Райситай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Монгол Улсын ерөнхий прокурорын газар нь эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааг хариуцан зохион байгуулах төв байгууллага болохын хувьд гадаад улсад оргон зайлсан этгээдийн байгаа газрыг олж тогтоон, шуурхай мэдээлэл солилцох, баривчлагдсан хүнийг гуравдагч улсаар дамжуулан шилжүүлэн авах ажиллагаанд тухайн улсын цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахад Интерполын дэмжлэг үзүүлэх, прокурор, мөрдөгч нарт зориулсан сургалтыг хамтран зохион байгуулах асуудлаар санал хэлэв.

Интерполын ерөнхийлөгч Ахмед Насер Ал-Райси уг арга хэмжээнд Ерөнхий прокурор оролцож байгаад талархал илэрхийлж, гаргасан саналыг хүлээн авч, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.

Share:
33

like

dislike

love

funny

angry

sad

wow