Францад болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 200 хүнийг баривчилсан гэв
Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэн он гарснаас хойш тэмцэж байгаа францчууд тавдугаар сарын нэгний өдрийг тохиолдуулан дахин өргөн цар хүрээтэй жагсаал зохион байгуулж, энэ үеэр олон хүн баривчлагдсан талаар Франц Пресс агентлаг мэдээлэв. Парис хотод олон мянган хүнийг нэгтгэсэн эсэргүүцлийн ажиллагаа эхэлсний дараахан хэсэг үймээн дэгдээгчид цагдаагийнхантай мөргөлдсөн байна. Улмаар цагдпаагийнхан нулимс асгаруулагч хий цацсан бол жагсагчид лонх, будагтай бөмбөлөг шидэж, банк, дэлгүүрийн цонхнуудыг хагалжээ. Энэ өдөр Парист болсон жагсаалын үеэр 53 хүн, харин нийт Франц даяар 200 орчим хүн баривчлагдсан байна. Францчууд ийнхүү эсэргүүцэх болсон нь тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой. Францын эрх баригчид 2030 он гэхэд тэтгэвэрт гарах насыг 62-оос 64 болгон нэмэгдүүлэхээр болсон. Энэ шинэчлэлийг яригдаж эхлэх үеэс л францчууд эсэргүүцэн жагсаж байсан ч ард түмний эсэргүүцэл нөлөөлж чадалгүй, тэтгэврийн шинэчлэлийн хууль батлагдсан юм.