Роскосмос Луна-25 хөлгийн ослын шалтгааныг тайлбарлав

8-р сарын 22, 2023 - 08:35
1 жил өмнө
 0  28
Роскосмос  Луна-25 хөлгийн ослын шалтгааныг тайлбарлав

Оросын Луна-25 хөлөг саран дээр судалгааны станц буулгах оролдлогын үеэр сүйрсэн билээ.

Хөлөг Бямба гарагт хяналтаас гарч, сарны гадаргуу дээр унасан нь Ням гарагийн өглөө тодорхой болсон юм.

Роскосмосын тэргүүн Юрий Борисов хөлөг осолдсон шалтгааныг Россия-24 телевизийн сувгаар өчигдөр тайлбарлажээ.

“Москвагийн цагаар наймдугаар сарын 19-ний 14:10 цагт газардахын өмнөх тойрог замд хөлгийг шилжүүлэх хөдөлгүүр ажиллаж, байрлалыг тохируулах ёстой байсан. Харамсалтай нь хөдөлгүүр үүргээ гүйцэтгэсний дараа циклограмын дагуу биш, түр зогсолтын шалтгаанаар унтарснаас төлөвлөсөн 84 секундээс хэтэрч, 127 секунд ажилласан байна. Энэ нь сансрын хөлгийн сүйрлийн гол шалтгаан боллоо” гэж тэр тайлбарласан байна.

Луна-25 хөлгийг тойрог зам хооронд шилжүүлэх автомат үйлдлийг газар дээрх зохиомол орчинд олон дахин туршсан байсныг Борисов энэ үеэр ярьжээ.

Бямба гарагийн 14:57 цагт газар дээрх удирдлагын төв Луна-25 хөлөгтэй холбоо тасарсан юм байна.

Луна-25 хөлгийг тээвэрлэсэн Союз-2.1б пуужин наймдугаар сарын 11-ний өдөр Оросын алс дорнодын Восточньй буудлаас сансарт хөөрсөн юм. Хөлөг тойрог зам хооронд шилжих автомат тохируулгыг наймдугаар сарын 12 ба 14-ний өдрүүдэд хоёр удаа гүйцэтгээд байжээ. Харин судалгааны станцыг саран дээр буулгахын өмнөх сүүлчийн шилжилт нь ийнхүү бүтэлгүйтсэн байна.

Share:
28

like

dislike

love

funny

angry

sad

wow