Ерөнхий сайдын камергүй уулзалтын цаана юу нуугдаж байна?

5-р сарын 17, 2023 - 11:39
2 жил өмнө
 0  25
Ерөнхий сайдын камергүй уулзалтын  цаана юу нуугдаж байна?

Их тэнгэрийн аманд  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлч нартай сэм сэм уулздаг. Үүнийг зарим сэтгүүлчид онцлон  сошиал орчинд жиргэв. Зарим нь Ерөнхий сайдын уулзалтад очиход ямар шалгуураар сэтгүүлчдийг  сонгож байна гэжээ. Манай нэртэй нэгэн сэтгүүлч ” Энэ уулзалтад очиход нас заадаг юм болов уу,  сайт сонин сэтгүүлтэй гэх хэмжүүр  байна уу. Ур чадвар, туршлага нэр хүнд юм болов уу. Дагагч ихтэй  нөлөөлөгч гэх юм үйлчилдэг болов уу? Ам хэлтэй  аймаар ууртай, хэрүүлч зарагч чанараараа юм болов уу” гэх мэтээр асуудлыг хөнджээ.  Энэ уулзалт  сэтгүүлч бүрт нээлттэй биш гэдгийг эндээс харж болно. 


Угтаа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө сэтгүүлч угшилтай хүн. Учир нь “Бэрс” КУДС-д сэтгүүлчийн мэргэжил эзэмшсэн. Нөгөө талаар өөрөө төр засагт бүгсэн  авилгачтай ганцаараа  тэмцээд барахгүй  байна гэдэг  хүн.  Сэтгүүлч нартай уулзах уулзалтаа тодорхой хэдэн сэтгүүлчдийг цуглуулаад хийдэг гэхээр чихэндээ ч итгэсэнгүй. Гэтэл нэг сэтгүүлч “Камергүй уулзалт үе үе болдог доо. Засагтай  хамтын ажиллагааны гэрээтэй хэвлэлүүдээс нэг нэг хүн гээд чимээгүйхэн урьчихдаг юм билээ. Нээлттэй  зарладаггүй” гэж бичсэн нь Засгийн газрын тэргүүний  үнэн нүүр царайг илчлэх шиг.


 Олон нийтэд гарч ирэхээрээ нэг л их нээлттэй хүн шиг аягалдаг хэрнээ хөшигний ард бол цаадах чинь энэ мэт хаалттай зүйл зохион байгуулдаг байх нь. Уул нь 21 зуунд төр барьж байгаа, Харвард төгссөн, уг гарвалаа хөөвөл сэтгүүлч хүн шүү дээ.


 Тэрбээр хамгийн сүүлд л гэхэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар сэтгүүлч нартай уулзсан  юм байх. Энэ яриа нь ч нууц байдаг гэнэ. Учир нь очсон хэвлэлийнхэн “ган” гэж ганц дуугардаггүй аж.  Сураг сонсвол  “Засгийн газрын  хэвлэлийн чат” гэж зарим сэтгүүлчдэд нээлттэй групп байдаг бололтой юм. Үүнд  нь  гэрээ хийсэн хэвлэлийн байгууллагын сэтгүүлчид байдаг гэнэ. Тэндээсээ сэтгүүлчдийг авдаг юм байх.


 Манай сэтгүүчид олон нийтийн эрх ашгийн төлөө дуугардаг  атлаа  өөрсдийнхөө төлөө  яагаад дуугарч чадахгүй байгаа  юм бол. Юм багаас л эхэлдэг. Гэрээ хийгээд нэг нь амаа үдүүлдэг. Үүнээс болж шударга бус, ялгаварлан гадуурхалт бий болж байгааг харсан ч нүдээ аниад өнгөрөх нь өөрөө сэтгүүл зүйн зарчимд харшилна шүү дээ. Ийм л өчүүхэн эрх ашиг  сэтгүүл зүйг муу нэртэй болгож, мохоож байна. Энэ уулзалтанд очоогүйдээ энэ асуудлыг хөндөж байгаа юм биш шүү. Шууд өлгөөд ингэж дайрдаг сэтгэл зүйтэй болохоор урьдчилан сануулж байгаа учир нь дор бүрнээ ухамсартай байя гэсэн үг юм. Өнөөдрийн хэдхэн төгрөгний төлөө маргаашийн сайн сайхан зүйлс нурж, нийгмийн тогтолцоо улам доройтож буй. Төр засагт гарсан бүхэн  идэж ууж байна. Бид гярхай биш учраас тэд дур зоргоороо авирлаж байна. Сэтгүүлчид бид нүдээ "аниснаас" болж болохгүй бүхэн гаарч байна шүү дээ.

  Юутай ч Монголын нийгэмд  Засгийн газартай гэрээ хийдэг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн уулзалтад очиж, гэрээ хийдгүй сэтгүүлчид нь хаалганы гадна үлддэг юм байна.  Ийм ялгавартайгаар сэтгүүлчдэд ханддаг бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чухам ямар бодол тээж, ямар ёс зүйтэй хүн  болж таарах вэ. Далайцтай ярьж чаддаг ч давчуу сэтгэж байгаа бус уу. Үүнийг юу гэж ойлгох вэ. Ямар социалист нийгэмд амьдарч байгаа биш дээ. Хэлэх ч үг олдсонгүй.     

Share:
25

like

dislike

love

funny

angry

sad

wow