Дональд Трамп: Америкийн хувьд том ялалт
Колорадо мужийн шүүх Ерөнхийлөгч асан Доналд Трампт 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийн төлөөх Бүгд найрамдах нам доторх сунгаанд оролцохыг хориглосон.
Энэхүү шийдвэрээ Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр тангараг өргөсөн этгээд АНУ-ын эсрэг бослого эсвэл үймэн самуунд оролцсон эсвэл АНУ-ын дайснуудад туслалцаа, дэмжлэг үзүүлсэн бол АНУ-ын төрийн албанд ажиллахгүй гэсэн заалтад үндэслэн гаргасан юм. Өнгөрсөн даваа гарагт АНУ-ын Дээд шүүх босогчдын эсрэг үндсэн хуулийн заалтыг ашиглан Дональд Трампыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг нь хасах гэсэн муж улсуудын оролдлогыг цуцаллаа. Дээд шүүхийн шүүгчдийн санал нэгтэй баталсан шийдвэр нь Колорадо мужид зориулагдсан боловч бусад мужуудад тулгарсан сорилтыг ч нэг мөр шийдэж байна.
Дональд Трамп шүүхийн шийдвэр гарсан даруй "Америкийн хувьд том ялалт" гэж мэдэгдсэн бол түүний сонгуулийн кампанит ажлыг зохион байгуулагчдын зүгээс Бүгд найрамдах намыг дэмжигчдэд хандан хандив цуглуулах имэйл илгээжээ. Колорадо мужийн Төрийн нарийн бичгийн дарга Жена Грисволд харин дээд шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.