"Дэлхийн шатрын алдрын танхим"-д монгол шатрыг заллаа
Монгол Улсын "Хаан шатар" компани бүтээгдэхүүнийхээ дээж "Нөхөрлөл" сэдэвт их гарын шатрыг АНУ-ын Миссури мужийн Сэйнт Льюс хот дахь "Дэлхийн шатрын алдрын танхим" музей (The World Chess Hall of Fame)-д бэлэглэх ёслол 2024 оны гуравдугаар сарын 11-нд боллоо.
Ёслолын ажиллагаа "Америкийн цом" шатрын супер мастеруудын тэмцээний нээлтийн үеэр болов.
Ёслолын ажиллагаанд Консул Т.Батцэцэг "Хаан шатар" компанийн захирал Ч.Бат-Оюун, загвар зохион бүтээгч Д.Насанбат нарын хамт оролцож, "Америкийн цом" тэмцээний нээлтийн хонхыг цохилоо."Дэлхийн шатрын алдрын танхим" нь шатрын сэдэвт дэлхийн томоохон музейн нэг бөгөөд дэлхийн олон оронд үйлдвэрлэсэн төрөл бүрийн ур хийцтэй шатрын арвин үзмэртэйн зэрэгцээ дэлхийн болон АНУ-ын шилдэг шатарчдын алдрыг мөнхөлсөн танхимтай юм."Хаан шатар" ХХК нь 2015 онд байгуулагдсан, Монголын түүхтэй холбоотой сэдвээр бэлэг дурсгалын шатар үйлдвэрлэдэг компани бөгөөд тус компанийн бүтээгдэхүүний дээж "Чингис хааны музей", Швейцарын "Хөлөгт тоглоомын музей"-н үзмэрийн санд багтсан байдаг ажээ.