Дайны улмаас Израилийн талд 1,400 гаруй хүн алагдсан бол Газын зурваст 4,600 гаруй хүн амь үрэгдээд байна
16 хоногийн өмнө эхэлсэн Хамас-Израилийн дайн олон фронтоор өргөжиж болзошгүй эрсдэлтэй байна. Хойд хил дээрээ байрлаж буй цэргүүдтэй уулзахдаа Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху “Хэрвээ Хезболлах дайн өдөөвөл энэ нь тэдний амьдралдаа гаргасан хамгийн том алдаа байх болно. Бид тэднийг хэзээ ч төсөөлж байгаагүй их хүчээр няц дарж, үр дагаварт нь Ливаны төр улс сүйрэх болно” гэж хэлжээ.
Израилийн арми Газын зурваст хуурай замын байлдааны ажиллагаа явуулахаар бэлдэж байгаа юм. Израилийн армийн хэвлэлийн төлөөлөгч Даниэл Хагарти мэдэгдэлдээ дайны дараагийн үе шатанд оролцох цэргүүдийн аюул эрсдэлийг бууруулахын тулд Газын зурваст агаарын цохилтоо эрчимжүүлж байгааг ярьсан байна.
Өмнөд Газын Хан Юнис орчимд Израилийн армийн нэг танк, хоёр бульдозерыг устгаснаа Хамасын албаны эх сурвалж мэдээлсэн байна.
Газын зурвасын хил дотор барьцааны хүмүүсийг аврах ажиллагааны үеэр танк эсэргүүцэгчийн цохилтод нэг цэрэг алагдаж, гурван цэрэг шархадсан тухай Хагарти дээрх мэдэгдлийн мөрөөр тодруулахад хариулсан юм. Ийнхүү мөргөлдөөн эрчимжихтэй зэрэгцэн Египетийн хилээр Газын зурваст тусламжийн ачаа бараа нэвтэрч эхлээд байна. Эхний 20 автомашинтай тусламжийн ачаа нэвтэрсэн бол дараа нь 14 автомашин нэвтрүүлэхээр талууд тохиролцжээ.Гэхдээ эдгээр тусламжийн ачаанд зөвхөн хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл байгаа бөгөөд түлш шатахуун оруулахгүй байгаа юм.
Эрчим хүчний эх үүсвэргүй болсон Газын зурвасын эмнэлгүүд маш хүнд байдалд байгаа гэсэн мэдээлэл бий. Тэдний ихэнх нь зөөврийн генератор ашиглан үйл ажиллагаагаа явуулж байгаа ч түлшний нөөц нь шавхагдаж байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага одоо Газын зурваст дутуу төрсөн 130 нярайн инкубатор цахилгаан хангамжгүйн улмаас зогсоход ойрхон болсныг мэдээлжээ.
Дайны улмаас Израилийн талд 1,400 гаруй хүн алагдсан бол Газын зурваст 4,600 гаруй хүн амь үрэгдээд байна.