Daily Mail сонинд гарсан нийтлэлд Пригожин амьд гэж Оросын улс төр судлаач Валерий Соловей ярьжээ
Наймдугаар сарын 23-ны өдөр Оросын Тверь мужид хувийн онгоц осолдсон. Энэ онгоц нь Вагнер компанийн эзэн Пригожинийнх байв. Энэ онгоцонд Вагнерын бусад командлагчдын хамт зорчиж явсан гэж албаны эх сурвалжууд болон хэвлэлүүд мэдээлсэн юм. ДНХ шинжилгээ хийж, онгоцны ослоор амиа алдсан хүн нь Пригожин болон жагсаалтад нэрс нь байсан бусад хүмүүс мөн болох нь тогтоогдсон ч "Пригожин амьд" гэх таамаг мэдээлэл хэвлэлүүдээр тархсаар байна. Британийн Daily Mail сонинд гарсан нийтлэлд Пригожин амьд гэж Оросын улс төр судлаач Валерий Соловей ярьжээ.
Оросын улс төр судлаач Валерийн Соловейн үзэж байгаагаар, Вагнерын эзэн Евгений Пригожин Тверь мужид осолдсон онгоцны сүйрлээр амиа алдаагүй, түүний оронд Пригожинийг орлодог хүн амиа алдсан, харин жинхэнэ Пригожин тун удахгүй эсэн мэнд гарч ирнэ гэнэ.
Онгоцыг сөнөөхийг зөвшөөрсөн Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд Пригожин ихэд уурссан, тэр дундаа онгоц сүйрэх үед тухайн онгоцонд байсан өөрийг нь орлон тоглодог хүн болон Вагнерын командлагчдыг хөнөөсөнд ихэд уурссан, энэ үйлдлийн төлөө өшөө авахаар удахгүй гарч ирнэ гэж Соловей ярьжээ. Түүний өгүүлснээр, Пригожин одоо нэг улсад байгаа, гэхдээ энэ нь Африкийн орон биш гэнэ. Жинхэнэ Пригожин хаана байгааг Соловей мэдэж байгаа ч одоо үүнийг хэлэх цаг нь болоогүй, "дараа сарын эхээр" зарлаж болох юм хэмээн Daily Mail сонинд ярьсан байна.
Энэ нийтлэлд Пригожинийг орлодог хүний паспортын зургийг нийтэлсэн бөгөөд энэ хүн онгоцны ослоор амиа алдсан гэж бичсэн байна. Энэ паспорт дээрх нэр овог мөн л Евгений Пригожин гэж бичсэн байх аж.
Пригожин бослого гаргасны дараа түүний гэрт нэгжлэг хийхэд өөр өөр нэртэй олон хуурамч паспорт илэрч байжээ. Үүнээс үүдэн, Пригожинийг орлодог хүмүүс байдаг гэх яриа гарах болсон юм. Тиймдээ ч жинхэнэ Пригожин онгоцны ослоор амиа алдаагүй, хаа нэгтээ нуугдаж байгаа гэх яриа улам бүр газар авч буй юм.