COVID-19-ийн эсрэг вакцин бүтээгчид Нобелийн шагнал хүртлээ
Стокгольм хотноо анагаах ухаан, физиологийн салбарын шагналтныг нэрлэснээр Нобелийн долоо хоног эхэллээ. Энэ жилийн Нобелийн шагналын анагаах ухаан, физиологийн салбарын шагналыг mRNA дээр суурилсан шинэ төрлийн вакцин бүтээх боломж олгосон нээлтийнхээ төлөө Унгарын эрдэмтэн Каталин Карико болон АНУ-ын эрдэмтэн Дрю Вайсман нар хүртсэн байна. Коронавирусийн цар тахал дэгдсэн хоёр жил гаруйн хугацаанд mRNA вакциныг коронавирусийн халдварын эсрэг ашигласнаар олон сая хүний амь насыг аварсан тул эдгээр эрдэмтдэд энэхүү хүндтэй шагналыг олгожээ.