Ч.Номин сайд Үндэсний музейд хууль бус томилгоо хийж, ажилчдаас байцаалт авсан, цаашлаад соёлын өвийн эсрэг хэрэг зөрчил гаргах эрсдэл үүсгэж болзошгүй

Үндэсний музейн хамт олон Соёлын сайд Ч.Номингийн хууль бус үйлдлийн талаар, түүнд шаардлага хүргүүлэх болсон талаараа өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд "2023 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр Дуламжавын Мөнхтогоо гэх манай музейн мэргэжил арга зүйн төвийн даргыг Захирлын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Үүний дараа 2024 оны хоёрдугаар 19-ний өдөр төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбатыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Нийтийн ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх тухай хуулийг зөрчсөн . Бид Ч.Номин сайдын шийдвэрийг эсэргүүцэж байгаа. Албан хүсэлт, шаардлага хүргэсэн ч үл тоож, Соёлын яамны ТНБД-ын тушаалаар хяналтын шалгалт хийсэн. Хяналтыг хийж болох ч ажилчдыг нэр цохож хөтөлж, тулгаж, байцаалт авсан. Үүгээр төрийн албаны тухай хуулийн албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглаж байна.
Монголын үндэсний музей бол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх музейг мэргэжил, арга зүйгээр хангадаг. 60 гаруй мянган үзмэр цуглуулгаа хадгаламж, хамгаалж бүртгэн баримтжуулж, судлан сурталчилдаг эрдэм шинжилгээний төв байгууллагаа. Энэ хоёр байгууллагын хооронд нэг хүн томилж, хавсран гүйцэтгүүлж байгаа нь албан харилцааг доголдуулж байна.
Манай хоёр байгууллага ямар албан харилцаатай вэ гэхээр соёлын өвийн бүртгэл мэдээллийн санг бүртгүүлэх, тайлан гаргах, мэдээлэх, гадаад үзэсгэлэнд оролцох үзмэрийн лавлагаа мэдээлэл авах, сэргээн засварлах зэрэг албан харилцаа доголдоно. Хяналтын систем алдагдана. Цаашлаад соёлын өвийн эсрэг хэрэг зөрчил гаргах эрсдэл үүсгэж болзошгүй гэж үзэж байна" гэв.






